Энэ сарын 21-ны өдөр Баянзүрх дүүргийн Саруул хороололд гал гарч 27 настай эмэгтэй амиа алдсан байдалтай олдсон тухай мэдээлэл тархаад байсан. Уг хэргийн мөрөөр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба шуурхай ажилласнаар хэрэгтнүүдийг баривчилжээ.
Нас барсан эмэгтэй Э ганцаар амьдардаг байсан бөгөөд түүний төрсөн дүү 19 настай эрэгтэй Б нь хувийн өш хонзонгийн улмаас эгчийгээ боомилон хөнөөж улмаар хэргийн ул мөрийг арилгахаар гэрийг нь галдан шатаажээ. Тус гэмт хэргийг түүний дүү найз Э-ийн хамтаар үйлдсэн бөгөөд тэднийг баривчлан саатуулжээ.