1965 оны 3-р сарын 18-ны өдөр Alexei Leonov болон Pavel Belyayaev гэх хоёр сансрын нисгэгчид хүн төрөлхтний түүхэнд тодоос тод ул мөр үлдээсэн байдаг. Тэд Voshkod 2 гэх сансрын хөлгийн тусламжтайгаар дэлхийгээс хөөрсөн бөгөөд багийн үндсэн зорилго нь дэлхийн тойрог замд орших зөвлөлтийн хиймэл дагуулд камер суурилуулах ажил байлаа. Уг ажлыг сансрын нисгэгчид хөлгөөс гарч задгай сансарт хийх ёстой байсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний түүхэнд анх удаа хүн задгай сансарт биеэрээ гарах ажиллагаа болсон юм. Уг хүндэт үүргийг Alexei Leonov хариуцахаар болсон бөгөөд тэрээр цээжин дээрээ бэхэлсэн камераа барин задгай сансарт гарсан аж.
Гэвч тэдний үйл ажиллагаа төсөөлж байснаас буруугаар эргэж сансарт барьц алдаж 12 минутын турш задгай сансарт жингүйдэн хөвсөн байдаг. Pavel Belyayaev энэ бүхнийг хөлгөөс харсаар байсан ч түүнд туслах ямар ч арга зам байсангүй. Түүний хийж чадах ганц зүйл гэвэл хөлгийн хаалгыг нээж түүнийг тэнд хүрч чадна хэмээн залбирах байлаа. Ийнхүү 12 минутын турш тэмцсэний эцэст тэрээр хөлөгт хүрч чадсан бөгөөд 2 сансрын нисгэгч тухайн өдрөө эх дэлхийд газардах ёстой байсан ч бүх зүйл 12 минутаар хоцорсон тул тэдний төлөвлөгөөг бүрэн нураасан юм. Тэд газардсан боловч дэлхийн тойрог зам өөрчлөгдөж буух газраасаа 2000 гаруй км-ын хол буюу Сибирийн хойд хэсэгт орших эзэнгүй тайгад газарджээ.
Хамгийн аймшигтай нь Зөвлөлтийн Засгийн газар тэднийг яг хаана газардсаныг тухайн үед тогтоож чадахгүй байлаа. Тэд бүхий л нөөц бололцоогоо ашиглан Сибирийн тайгыг бүхэлд нь агаараас нэгжсэн бөгөөд нисгэгчдийг амьд эсвэл үхсэн эсэхийг ч мэдэхгүй байв. Гэвч хоёр нисгэгч эсэн мэнд амьд үлдэж чадсан юм. Гагцхүү тэд хамгийн ойролцоо орших тосгоноос 600 км-ын зайтай шигүү ойн гүнд газардсан нь хамгийн том асуудал болж байлаа. Одоо тэдэнд шинэ аюул тулгарсан нь энд тэндгүй улих хөвчийн чоно болон Сибирийн догшин баавгайнууд байв. Түүнчлэн шөнө болох үед маш хүйтэн байсан бөгөөд хөлгийн эрчим хүчний механизм бүхэлдээ гэмтсэн учир халаах ямар ч боломжгүй байсан юм. Тэд байгаа бүхнээ давхарлан унтаж шөнийг давсан бөгөөд араатан амьтдаас хөлгийн бүхээгт байсан гар бууны ачаар аврагдан үлдсэн байдаг. ЗХУ сансрын нисгэгчдээ зориулан учирч болзошгүй гэнэтийн аюулаас сэргийлэн гар буу хөлгийн бүхээгт нь хийж хамтад нь нисгэдэг байжээ.
Тэд хамтдаа хоёр шөнийг хүйтэн бөгөөд зэлүүд тайгад махчин араатнуудын хамт өнгөрөөсөн бөгөөд ЗХУ-ын нисдэг тэрэг тэднийг 3-р сарын 20-ны өдөр олсон боловч газардах ямар ч боломжгүй байсан байна. Тиймээс тэднийг ойролцоо харагдах толгодод авирах чиглэл өгч тэд нисдэг тэрэгнээсээ аврагчид олсоор буулгуулан толгодоос аварсан түүхтэй. Ийнхүү хамгийн анхны задгай сансарт ниссэн хүний аялал эхнээсээ төгсөх мөч хүртэл эрсдэл дүүрэн аялал болсон байдаг.