1895 онд Детройт хотын доор асар их хэмжээний давсны нөөц байгааг олж нээсэн байдаг. Уг их нөөцийг Watkins Salt компани бүхэлд нь худалдаж авсан бөгөөд 1914 он гэхэд сардаа 8000 гаруй тонн давс гаргаж авдаг байжээ.
Өнөөдөр ихэнх Америкчууд Detroit гэх нэрийг сонсоод автомашин болон хүнд механик, механизмын өлгий хот хэмээн боддог. Тэгвэл уг хот өнөөдрийнх шиг их хүн амтай болж, аж үйлдвэржихэд 19-р зууны төгсгөлд археологичийн олж илрүүлсэн их хэмжээний давс л ганцаараа онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг. Чухамдаа бол Detroit-ын доороос олдсон их хэмжээний давс уг хотын хувь заяа, ирээдүйн зэргийг бүхэлд нь өөрчилсөн хэрэг.
Тухайн үед АНУ дотоодын нийт давсны хэрэглээний 60 гаруй хувийг гаднаас импортоор авж байсан нь тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд маш сөргөөр тусаж байсан тул энэ их давсны орд газрыг авсан Watkins Salt компанийг төрийн бодлогоор дэмжиж бүхий л засгийн газрын зээл болон тусламжуудаар тэтгэж эхэлсэн байдаг.
Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүд буюу 1945 оны үе гэхэд АНУ-ын давсны импорт 60-20 хүртэл хувьд буурсан бөгөөд дотоодод үйлдвэрлэгдэж буй нийт давсны 60 хувийг Watkins Salt компани үйлдвэрлэж байлаа. Энэ нь нэг талаараа 20-р зууны эхэн үед АНУ-ын дээд шүүх монополиудаас татгалзаж Роккфеллер зэрэг эрхмүүдийн ноёрхлыг түлхэн унагаасан түүхэн алхамтай зөрчилдөж эхэлжээ. АНУ бодлогоор өөрсдийн мэдэлгүй шинэ цагийн монополиудыг төрүүлсэн хэрэг.
Харин дайны дараа гэхэд уг компанийг төр ямар нэгэн байдлаар хянах боломжгүй болж эхэлсэн бөгөөд компани улам өргөжин нэрээ “International Salt company” буюу ОУ-ын давсны компани болгон өөрчилсөн байдаг. Харин 1983 онд Detroit-ын нөөц бараг нэг зуун жилийн дараа дуусах нь тэр. Гэвч тус компани давсны зах зээлд нэг зууны турш ноёлсны эцэст дэлхийн бүхий л давсны ордуудыг үл үзэгдэгч гараар атгаж өөрийн эрхшээлдээ оруулсан хэмээн судлаачид үздэг байна.
Өдгөө хотоос доош 360 метрийн гүнд орших уг том үйлдвэр бүхэлдээ үйл ажиллагаа нь зогссон бөгөөд орох гарц бүрийг төрийн хамгаалалтад авч энгийн иргэдийг оруулдаггүй байна. Харин өчүүхэн хэсгийг нь музей болгон мөнгөө төлсөн хүмүүсийг оруулдаг болжээ.