1911 онд соёл иргэншилт Калифорни мужид гэнэт жад барьсан шалдан эр гарч ирсэн нь Ishi байлаа. Орон нутгийн цагдаа нар түүнийг хамгаалалтад авч зохих байгууллагууд уруу мэдэгдсэн байна. Түүнийг Калифорни мужийн их сургуулийн антропологийн тэнхимийн багш эрдэмтэд авч явжээ. Шинжлэх ухааны тэнхимд авчирч түүнтэй ярилцах гэсэн боловч огт ярилцахгүй байв. Тиймд эрдэмтэд Калифорнийн эртний Индиан омгийн хэлнүүдээр ээлжлэн ярьж эхэлсэн гэдэг. Ийнхүү Yana хэлээр ярих үед зэрлэг индианы нүд нь томорч гайхшрал төрөн тэдэнтэй ярилцсан байна. Тэрээр Yana овгийн хүн байснаас гадна тус овгийн хамгийн сүүлчийн амьд үлдэгч байжээ.
Антропологич Alfred Kroeber түүнээс нэрийг нь асуухад тэрээр: надад нэр байхгүй учир нь намайг нэрээр минь дуудах ганц ч хүн үлдээгүй хэмээн хариулсан байдаг. Иймээс эрдэмтэд түүнд Ishi гэх нэр өгсөн бөгөөд уг үг нь Yana хэлээр эр хүн гэсэн утгийг илэрхийлдэг байна.
Түүхийн хувьд ярих юм бол 1865 онд Калифорни мужид асар их хэмжээний алт илэрсэн тул зүүн мужийн иргэд их хэмжээгээр Калифорнид суурьшиж нутгийн уугуул иргэдийг нутгаас нь хөөх болсон байдаг. Тухайн үед Yana овог 2300 орчим индиан иргэдтэй гэх тооцоо байсан ч 1859-1911 оны хооронд Америкчууд их хядлага явуулж Yana овгийн хүний толгойг тушаасан хүнд авчирсан толгой бүрт нь 5 доллар олгоно хэмээн хэлжээ. Иймд Америкчууд Yana овгийнхон уруу унтаж байхад нь дайрч толгойг нь тастдаг болсон юм. Энэ бүх эмгэнэлт зүйлсийг нүдээрээ харж биеэрээ туулж, сэтгэлээрээ мэдэрсэн Ishi олон жилийн турш амьд үлдсэн 4 өөр хүнтэй хамт эзэнгүй газруудаар зугтаж явсаар ганцаараа үлдэхийн цагт буюу 1911 онд ганцаараа бүх нийтийн өмнө гарч ирсэн байдаг.
Тэрээр үлдсэн амьдралынхаа дийлэнх цагийг Калифорни мужийн Berkley-ын их сургууль дотор өнгөрөөсөн бөгөөд эрдэмтэн судлаачидтай тэрээр маш сайн найз болж сайхан харилцаатай байжээ. Эрдэмтэд ч түүнийг маш хурдан нийгэмшүүлж чадсан юм. Гэсэн ч 1916 оны 3-р сарын 25-ны өдөр тэрээр сэтгэл гутралын өвчнөөр шаналсаар хорвоог орхисон байдаг. Ishi бол манай гаригийн хамгийн сүүлчийн зэрлэг индиан бөгөөд хамгийн сүүлчийн Yana овгийн хүн байсан юм.