Эрт цагт нэг талаараа эцгийн эрхт ёс давамгайлдаг байсантай холбоотойгоор зарим нарийн мэргэжлүүдийг зөвхөн эрэгтэй хүн хийх ёстой, эмэгтэй хүн энэ бүхнийг хийх чадваргүй, тэд гэртээ хүүхдээ харж ойр зуурийн ажил л хийх хүмүүс гэж үздэг байлаа. Гэвч энэ бүхнийг худал гэдгийг нотлохын тулд маш олон эмэгтэйчүүд өөрсдийгөө доромжлуулан байж бүхий л өдөөн хатгалгын эсрэг тууштай зогсон системийн эсрэг тэмцэж байсан түүхүүд бий. Тэгвэл тэдний нэг нь Elizabeth Blackwell гэх бүсгүй бөгөөд тэрээр барууны ертөнцөөс хамгийн анхны эмч мэргэжил эзэмшсэн бүсгүй юм.
Тэрээр 1821 онд Англи улсад төрсөн бөгөөд 1840 онд Америкт очин нагац эгчийндээ амьдарч шинэ амьдрал хайхаар шийджээ. Түүнийг бага байхаас дотоод сэтгэлд нь нэгэн бодол үргэлж дагаастай явсан нь хүний амь аврах, хүнд туслахийн хязгааргүй их хүслэн байлаа. Гэвч уг мөрөөдлөө биелүүлэх гэтэл энэ бүхэн нь тухайн цаг үеийн нийгэм сэтгэл зүй болон хуулиар хориотой байсан тул ямар ч боломжгүй байв. Гэвч тэрээр зүгээр суугаагүй бөгөөд мөрөөдлөө биелүүлэхийн төлөө урагш алхаж эхэлсэн юм.
Бүсгүй 1847 онд АНУ-ын анагаахын шинжлэх ухааны Hobart College-д шалгалт өгсөн бөгөөд тэрээр тун сайн байсан тул тэнцсэн байна. Гэвч түүнийг сургуулийн захиргаа эмэгтэй гэдгийг нь харсан даруйдаа сургуулийг орхихыг боловсоноор хүссэн байдаг. Тэрээр захиргааны шийдвэрийг эсэргүүцсэн бөгөөд шударга ёс, тэгш эрхийн тухай ярьж нилээдгүй маргаан үүсгэжээ. Тухайн үед эмэгтэйчүүдийн эрхийн асуудал барууны ертөнцийн хамгийн том асуудал болж асар их хэл ам дагуулж байлаа. Иймд элдэв хэл аманд өртөж ялгаварлан гадуурхагч гэх нэрийг өөрөөсөө холдуулахын тулд сургуулийн захирал нэгэн мэргэн арга олсон нь ангийнх нь хүүхдүүдээс санал асуулга явуулах байв.
Түүнтэй хамт шалгалт өгч тэнцсэн 140 хүүхэд байсан бөгөөд тэдний дунд мэдээж ганц ч эмэгтэй хүн байсангүй. Иймээс сургуулийн захирал тэднээс “та бүхэн эмэгтэй хүнтэй хамт суралцаж чадна гэж үү? Эмэгтэй хүн хүн эмчилж чадна гэж үү?” хэмээн санал асуулга явуулсан бөгөөд хэрэв ганц л хүн зөвшөөрсөн хариу өгөх юм бол түүнийг сурахыг зөвшөөрсөн аж. Харин санал хураалтыг нууцаар явуулхаар тохирчоо.
Ийнхүү санал хураалт явж бүхий л саналыг тоолж үзэхэд 139 хүн эсэргүүцэж 1 хүн зөвшөөрсөн тул захирал араггүй эрхэнд түүнийг сургуульд сургахаас өөр сонголтгүй болсон юм. Тэрээр эмч мэргэжлийн амжилттай эзэмшиж эрэлхэг эмэгтэйчүүдийн нүүр царай, билэг тэмдэг болон хувирсан бөгөөд иргэний дайны үед дайны голомтод ажиллан 2000 гаруй цэрэгт мэс засал хийж амийг нь аварсан гэх судалгаа байдаг байна. Тэрээр 1910 онд 89 насандаа өөрийн төрөлх нутаг Англи орондоо насан эцэслэсэн юм. Тэрээр 20-р зуунд нас барсан бөгөөд тухайн зуунд л эмэгтэйчүүд жинхэнэ эрх чөлөөгөө олж авсан бөгөөд өдгөө 21-р зуунд бараг л эхийн эрхт ёс нийгэмд буцаж тогтох хэмжээнд хүрээд байгаа билээ.