Уг хөгтэй үйл явдал 2006 онд Иран улсын нийслэл Тегеран хотын нэгэн банкинд болжээ. 25 орчим насны залуу хотын төв банкинд өөртөө тун итгэлтэйгээр алхаж орсон бөгөөд юу ч болоогүй мэт хамгаалагчийн хажууд хэсэг зогсжээ. Хамгаалагч түүнийг огт ойшоож хараагүй тул тэрээр өөрийгөө үл үзэгдэгч болсон хэмээн бат итгэж банкны ажилчдын дотоод өрөө уруу нэвтрэхийг завдсан байна. Яг энэ үед түүнийг тал бүрээс нь хамгаалагчид бүслэн барьж авсан бөгөөд түүний биенээс тоглоомон гар бууг хураан авчээ.
Улмаар шүүх хурал болох үед тэрээр банк дээрэмдэхийг завдсанаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хийсэн үйлдэлдээ туйлын их харамсаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Тегеран хотод орших нэгэн илбэчинд нэхэмжлэл гарган давхар хэрэг үүсгэсэн аж. Учир нь тэрээр өөрийгөө хохирогч хэмээн үзсэн бөгөөд тухайн үйл явдал болохоос яг нэг сарын өмнө залуу эр илбэчин дээр очин 500 доллар төлж нэгэн бугуйвч авсан байдаг. Тухайн бугуйвчийг илбэчин хар домийн аргаар амь оруулан зүүн гартаа зүүвэл үл үзэгдэгч болно хэмээн итгүүлсэн байж л дээ.
Түүний ярьсан зүйлийг сонссон шүүгч болон прокурорууд инээдээ барьж чадалгүй шүүх тэнхимд инээлдсэн бөгөөд хамгийн хачирхалтай нь түүний гомдлын дагуу илбэчнийг баривчилж хохирол мөнгийг нь гаргуулан залилангийн хэргээр 5 жилийн ял оноосон байна. Харин банк дээрэмдэхийг завдсан залууг хувь хүний хувьд тийм ч муу хүн биш гэж үзсэн тул шүүхээс 3 жилийн гэрийн хорионд хоригдох шийтгэл оногдуулжээ. Энэ үйл явдал нь Иран улсын гэмт хэргийн ертөнцөд урьд хожид бүртгэгдсэн хэргүүдээс хамгийн дуулиантай хэрэг болж улс даяар шуугиан тарьсан юм.