Манайхан ихэнх нь Ingvar Kamprad гэх нэрийг сонсоод чухам хэн болохыг нь мэдэхгүй байж болох ч түүний байгуулсан IKEA хэмээх эзэнт гүрнийг бол мэдэхгүй хүн дэлхийд байхгүй биз. Ikea-ын үүсгэн байгуулагч тэрээр 1926 онд Швед улсад төрсөн бөгөөд төрсөн цагаасаа хойш мөнгө олохын тулд бүхий л төрлийн зүйлийг хийж явсан боловч тэрээр хэзээ ч хүний доор ажиллаж үзээгүй юм. Чухам өөрийн биеийг даан чүдэнз хямдхан үнээр бөөндөж аван үнийг нь нугалж гал тэрэгний буудлууд усан боомтуудаар худалдаалдаг байжээ. Тэрээр хүүхэд байхаасаа эхлэн гацуур мод, загас, үзэг, харандаа, жимсний үр зэрэг янз бүрийн зүйлсийг худалдаалсаар 17 настайдаа өөрийн насан туршдаа хийх бизнес санааг олсон юм.
1943 онд түүнийг 17 нас хүрэх үед эцэг нь боловсролдоо зарцуул хэмээн чамгүй мөнгө өгсөн бөгөөд жаал хүү тухайн мөнгөөр хамаатныхаа айлын гал тогооны тавилгийг өөрчилж өгөх санал тавин өөрийн биеэр хэмжилт хийн гараараа урлан шинэ тавилга хийн зарж мөнгөө хоёр нугалж олсон байна. Тухайн үед хүү бага мөнгөөр бага мөнгө олдог, жинтэй мөнгөөр жинтэй мөнгө олдог гэдгийг ойлгож тавилгийн бизнест хүч үзэхээр шийджээ. Ingvar Kamprad захиалгаар гэрийн тавилга хийх үйлчилгээг анх дэлгэрүүлсэн бөгөөд түүний орчин үеийн загварлаг торгон мэдрэмж, сэтгэл зүрхнээсээ чанартай хийдэг чанарууд нь хүссэн хүсээгүй түүнийг амжилтын өөд дагуулсан юм.
Харин 1976 он гэхэд түүний үүсгэн байгуулсан Ikea бренд нь хэдийнээ орчин үеийн дэлхий нийтийн гэр ахуйн тавилгийн өнгө төрхийг тодорхойлогч болсон байлаа. Түүний дэлгүүрүүд Европ тив даяар нээгдэж АНУ-ын загварын сэтгүүлүүд дээр хүртэл сар бүр гардаг байв. Өдгөө Ikea бренд нь дэлхийн 49 оронд 415 салбартай бөгөөд Монгол зэрэг бусад улсуудад бүтээгдэхүүнийг нь эрхийг нь авч логог нь ашиглан френчайз маягаар борлуулах зөвшөөрөл олгосон бөгөөд энэ нь албан ёсны салбарынх нь тоонд гэхдээ ордоггүй байна. Харин үүсгэн байгуулагч Ingvar Kamprad хэдийнээ дэлхийн хэмжээний тэрбумтан болсон бөгөөд өөрийн эзэнт гүрэн нь байр сууриа хангалттай тогтоосныг мэдэж санаа амарсан тэрээр хийх зүйлээ хийсэн гэж үзэн 2018 оны 1-р сарын 27-ны өдөр 91 насандаа таалал төгсжээ.