Sweetymotion хамтлагийн продюсер Никитон хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, мэс засал амжилттай болсон тухай мэдээллийг өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдээлж байсан билээ. Элэгний хатуурал гэж оношлогдсон түүний донор нь эхнэр нь буюу Sweetymotion хамтлагийн дуучин Ц.Сарнай байсан юм.
Тэгвэл хүнд өвчинтэй тэмцэж буй урлагийн сайхан хос амаргүй цаг үеийг туулж буйг тэдний ойрын эх сурвалжууд мэдээлж байна. Тэднээс мэдээлэл авсан даруйдаа сонгодог үндэсний рок поп чиглэлийн уран бүтээлч нөхөд нь хүнд өвчинтэй хамтдаа тэмцэж буй хосод тэдний гэр бүлд туслахаар санаа нэгдэн арга хэмжээ авч эхэлсэн тухай Р.Оюунжаргал өөрийн фэйсбүүктээ бичжээ.
Бөртэ Алтай хамтлагийн продюсер Д.Ганпүрэв санаачилж Чинбаа Сарнай нарт туслах анд нөхдийн групп үүсгэсэн аж.
Д.Ганпүрэв дараах зүйлийг бичжээ.
Сарнайгийн ээжээс ирсэн мессежний дагуу ярилаа. Мэдээж олны дунд оройлон тэмцэж хийж бүтээж явсан залуу нас эмнэлгийн орон дээрээс та бидний дунд эргэн орж ирэхэд наанадаж гурван жилийн хугацаа байгаа. Чинбаагүйгээр рок попын салбар уйтгартай түүнгүйгээр ардын хөгжмийн салбар гунигтай, Чинбаагүйгээр Монголын урлагийн ертөнц уйтай. Түүний эмчилгээ санхүүгийн хүнд байдлаас болоод тасалдаж эхэллээ. Хэрэв долоо хоног тасрах аваас бид Чинбаа андаасаа ч хагацаж магадгүй эрсдэлтэй байдалд ороод байна.
Гэр бүлийн хосууд хамтдаа хагалгаанд орсон учраас Солонгос газарт өдөр бүр эмчилгээ шинжилгээний төлбөр сая саяар тоологдож байгааг бидний амьдрал мэднээ. Би өөрийн эрхгүй энэ бүхнийг та бүхэндээ бичиж байна. Хандивын тоглолт хийгээд ч барахааргүй бага хугацаанд наанадаж 140 сая төгрөгийн эмчилгээний зардлыг төлөхөд Чинбаадаа туслах хэрэгтэй байна гэжээ.
Уран бүтээлч хосод туслах хүмүүс дуучин Сарнайтай Sarnai singer фэйсбүүк хаягаар холбогдож болох аж. Цогтбаярын Сарнайгийн Хаан банкны-5212071351 тоот дансанд хандив илгээж болох юм байна