МЭӨ 5-р зуунаас эхлэн хүн төрөлхтөн алив дайн байлдааны ажиллагаанд биеэ гэмтээхээс хамгаалж дуулга, биеийн хуяг зохион бүтээж эхэлсэн түүхтэй. Эртний Грек, Хятад, Перс зэрэг бүхий л улсууд бүхий л нөөц бололцоогоороо нимгэн төмөр, металл, яс болон бусад гар доорх материалуудаар эх биеийн хуяг хийж ирсэн ч анхны уян хатан чанартай хантаазыг 1840 онд Ирланд улсын нийслэл Дублин хотод зохион бүтээсэн байдаг.
Харин хамгийн анхны сум нэвтэрдэггүй хантаазыг 1901 онд Польшийн зохион бүтээгч Jan Szczepanik бүтээсэн бөгөөд үүнийгээ торго ашиглан гарган авчээ. Харин түүний бүтээсэн сумны хантааз нь Испаны эзэн хаан Alfonso XIII-ын амь насыг гадны халдлагаас нэгэн удаа аварч байсан байдаг.
Анхны сум үл нэвтрэх хантаазыг холоос буудан чанарыг нь шалгадаг байсан ч уг шалгалтыг давсан бол заавал хоёр хүн хоорондоо зайтай зогсож байгаад бие биенийхээ цээж уруу буудан шалгадаг байжээ. Гагцхүү уг шалгалтыг амжилттай давсан цагт л бусад хүмүүс баталгаатай байдалд нь итгэдэг байв. Харин 1901 онд АНУ-ын ерөнхийлөгч Willian McKinley буудуулж үхсэний дараа АНУ-ын цэргийн эвсэл сум үл нэвтрэх хантааз хэрэглэхээр шийдэж уг хантаазанд Засгийн газраас асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байдаг.
Уг салбарт хөрөнгө оруулсны үр дүнд АНУ олон төрлийн сум үл нэвтрэх хантааз гаргаж авсан бөгөөд тэднээс хамгийн чанартай нь 18 кг жинтэй бөгөөд 820 метр секунд хурдтай сумнаас бүрэн хамгаалах боломжтой бүтээл бол хамгийн энгийн загвар нь ойрын зайнаас гар буугаар буудсан хүнээс хамгаалах 5 кг жинтэй сум үл нэвтрэх хантаазнууд байлаа. Харин 1923 оноос эхлэн цагдаагийн албан хаагчид уг хантаазыг хэрэглэж эхэлсэн байна.
Засгийн газрын хөрөнгө оруулалтаар боссон хувийн компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийн тулд цэрэг болон цагдаагийн газруудад өөрсдийн биеэр очин хантаазыг зүүж үзэн бие биенээ бууддаг байсан аж. Тухайн цаг үед буюу 1920-1930 онд АНУ-д зэвсэгт дээрэмчид, мафи эд цэцэглэж байсан бөгөөд цагдаагийн албан хаагчид гудамжинд тэдэнтэй буудалцан амиа алдах тохиолдол их гардаг байсан тул туршилт амжилттай болмогц хантаазыг нэн даруй авч бүх хүмүүстээ тарааж өгдөг байлаа. Хамгийн гол нь мужийн захиргаанаас төсвийг нь асуудалгүй баталж өгдөг байсанд нэг гол учир нь орших мэт.