Нэгэнтээ хүйтэн дайн дуусаж ЗХУ задран унасантай холбогдуулан АНУ-ын тагнуулын ерөнхий газраас төрийн нууцад хамаарч байсан маш олон материалуудыг ил болгон зарласан байдаг. Тэдгээр материалуудын нэг нь хэрэв хүйтэн дайн цуст дайн болон хувирах юм бол АНУ нь ЗХУ-ын ямар ямар газрууд уруу цөмийн цохилт өгөхийг харуулсан зурагт төлөвлөгөө байв. Хэрэв энэ бүхэн буруугаар эргэж дайн эхэлсэн бол дэлхий тэр чигтээ цөмийн дайнд сүйдэж агаар мандал устах байсныг ч үгүйсгэх араггүй юм.
ЗХУ уруу бүрэн хэмжээний цөмийн дайралтыг АНУ ердөө 12 цагийн дотор хийхэд бэлэн байсан бөгөөд тус байнд олон зуун аж үйлдвэрийн хотууд, цэргийн байгууламжууд, агаарын нисэх хүчний базууд болон хамгийн аймшигтай нь олон сая хүн ам амьдардаг хотууд багтсан байна. Тухайн үеийн ерөнхийлөгч Eisenhower ердөө ганцхан шийдвэр гаргахад л ЗХУ-ыг дахиж хэзээ ч сэхэж чадахааргүй болтол нь бөмбөгдөх боломж байлаа. Гэхдээ зөвхөн АНУ үүнийг олж хараад байсан юм биш ЗХУ-д ч мөн ялгаагүй асар их цөмийн зэвсгийг өөрийн холбоотон улсуудад байрлуулсан бөгөөд хариуд нь АНУ-ыг ч гэсэн үнсний сав болгох бүрэн боломжтой байв.
1950 оны үед атомын бөмбөг болон тийрэлтэт пуужин 2-р үеийн хөгжилдөө орсон бөгөөд Нагасакид хаясан атомын зэвсгээс хавь илүү хүчтэй болсон байлаа. АНУ-ын хамгийн эхний байн нь Moscow, зүүн Берлин, Санкт-Петербург, Бээжин, Варшав зэрэг хотууд байсан бөгөөд хормын дотор 10 гаруй сая хүн амиа алдах байсан юм. Харин цэргийн базуудын хувьд ЗХУ-ын тэнгисийн флот болон Сибирийн тойргийн нисэх ангиуд, баруун фронтын хилийн анги нэгтгэлүүд эхний бай болж байсан бөгөөд 5 жилийн өмнө хаяж байсан бөмбөгнөөс 630 дахин хүчтэй бөмбөгийг хэдийнээ зохион бүтээчихсэн байв. Иймдээ ч 20-р зууныг атомын эрин зуун гэнэ.
Москва хотод гэхэд 140 гаруй байг устгахаар байсан бөгөөд хамгийн эхэнд Кремлийн ордны чанх дээрээс бөмбөгийг унагах ёстой байсан аж. Харин Санкт-Петербург хотод 145 бай байсан бол Ленинградад 95, Бээжинд 23, Варшавт 15 объектуудыг устгах төлөвлөгөөтэй байжээ. Харин хамгийн аймшигтай нь АНУ зөвхөн зүүн Германд гэхэд 91 удаа атомын дайралт хийх төлөвлөгөө байсан бөгөөд уг мэдээ ил болсноор Германчуудын дургуйцлыг туйлын их хүргэж байсан аж. Өөрөөр хэлбэл зүүн Герман болон Баруун Оросын нутагт 1200 гаруй атомын бөмбөг хаяна гэсэн үг юм.
Харин АНУ тэргүүтэй эвслийн хүчний талд нийт 22,000 орчин цөмийн хошуу байснаас дайнд 10,000 орчмыг нь хэрэглэж дэлхийн нэг хагасыг эргэж сэхэхээргүй хэмжээнд хүргэх бөгөөд уг ажиллагааг Франц, Их Британи, АНУ, Испани зэрэг улсууд B-47 болон B-52 онгоцнуудыг ашиглан гардан гүйцэтгэхээр тохиролцсон байжээ.