Тасманийн бар бол газар дээрх хамгийн шаламгай махчин амьтдын нэг байсан боловч өнөөдөр уг амьтныг хайгаад хайгаад дэлхийн аль ч өнцгөөс олохоосоо нэгэнт өнгөрчээ. Уг барын мөхлийн шалтгааныг тэртээх 1803 онтой холбож тайлбарлаж болох юм. Учир нь Австрали тивд шоронгийн хоригдлууд, цэргүүдийг авчирсны дараа Тасманийн арлыг ч мөн Европчууд эзлэн түрэмгийлж эхэлсэн байдаг. Европчуудыг ирэхээс өмнө тус аралд зөвхөн нутгийн уугуул иргэд амьдардгаас гадна хэний ч хөл хүрээгүй, ямар ч соёл иргэншлийн хэлтэрхийгүй онгон зэлүүд нутаг байсан аж.
Уг бар нь мэрэгч амьтад тэр дундаа хэрэм, цөлийн оготно болон манай оронд огт байдаггүй бусад төрлийн модон дээр авирагч мэрэгч амьтдын бүлэгт хамаарах бөгөөд тэдний дундаас эволюцын явцад цор ганцаар бусдаасаа хамгийн том биетэй болж махчин болсон амьтан юм. Ялгах үндсэн шинж нь нуруун дээр нь тахь шиг урт судлууд байх Грекээр уг амьтны нэрийг “нохой толгойт тахь” хэмээн дууддаг байна.
Харамсалтай нь 1936 оны 9-р сарын 7-ны өдөр дэлхий дээрх хамгийн сүүлчийн Тасманийн бар болох Benjamin нь Hobart-ын амьтны хүрээлэнд 3 жил хоригдсоны эцэст амиа алдсан байдаг. Уг явдлаас хойш Тасманийн аралд уг барыг харсан гэх хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн боловч нэг нь ч албан ёсоор баталгаажаагүй юм. Тухайн үед дэлхий нийт байгаль орчин болон амьтны төрөл зүйлд тийм ч их санаа зовдоггүй цаг үе байсан ч амьтны хүрээлэнгийн ажилтан Darby 1968 онд Тасманийн бар бүрэн устсан хэмээх мэдээлэл орон нутгийн сонинд өгснөөр Австрали даяар уг барыг жинхэнээсээ устсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн түүхтэй.
Түүнчлэн уг амьтныг устаж үгүй болох гэж байгаа тухай олон нийтэд анхааруулах зорилгоор 1936 онд Тасманийн барын хэдхэн минутын бичлэг хийсэн бөгөөд уг дүрсэнд торон дотор хашигдсан төрөл зүйлийнхээ хамгийн сүүлчийн амьтан өрөвдөлтэйгөөр хоолоо идэж байгаа хэсэг гардаг байна. Уг бичлэгийг барыг үхэхээс яг 1 сарын өмнө хийсэн байдаг.
Гэхдээ Тасманийн барын үхлийн хамгийн гол шалтгаан нь ан агнуур зэрэг хядлага биш байсан бөгөөд угаас цөөхөн тоотой байсан баруудыг амьтны хүрээлэнд хүчээр байлгаснаар тэд нэг их удаан тэсэлгүй үхэцгээдэг байжээ. Тухайн үед Австралийн амьтан судлаачид уг амьтны амьдралын явц, хэв маягийг тийм ч сайн судалж чадаагүй тул тэдний орчныг нь бүрдүүлж өгч чаддаггүй байв. Тасманийн бар нь өдөржин анд явсны дараа шөнө дунд шигүү ойд орж нөмөрт, хадны завсар, агуйд дулаацан унтдаг амьтан аж. Гэвч дээрх нөхцөлийг бүрдүүлээгүй тул тэд шөнийн турш наслах насаа биеийн дулаантайгаа алддаг байсан юм.
Харин хамгийн өвөрмөц мэдээ гэвэл 2008 оноос хойш Тасманийн барын ген, ДНА-г эрдэмтэд ашиглан уг барын төрөл зүйлийг дахин сэргээхээр ажиллаж эхэлсэн бөгөөд дээрх туршилтын ажил Австралийн Засгийн Газрын санхүүжилтээр 10 дахь жилдээ үргэлжилж байгаа юм. Хэрэв тус туршилт амжилттай болбол гагцхүү шинжлэх ухаан бол бурхан юм байна гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөх биз.