Энэхүү автомат бууг зохиогч, нэрт зохион бүтээгч Михайл Тимофиевич Калашников 1919 оны 10 сарын 10-нд Алтайн хязгаарын Куря тосгонд монгол угсааны тариачны гэр бүлд төрсөн бөгөөд оросууд түүний албан ёсны намтарт монголтой холбоотой гарал үүслийг нь оруулдаггүй байна. 1938 онд анх цэрэгт татагдсан. Төрөлхийн шинийг санаачлагч тэрээр олон зүйлийг шинээр хийсэн нь амьдралд нь ихээхэн урам болсон гэдэг.
1940 онд жагсаалын үзлэгээр танкийн автомат сумлагч зохион бүтээснээ тухайн үед корпус командлан захирагч Г.К.Жуковт үзүүлсэн нь өндөр үнэлгээ авч их бууны академид суралцах эрхээр шагнуулж байжээ.

1941 оны намар Брянскийн орчимд болсон танкийн тулалдаанд хүнд шархдан Алма-Атад эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байх хугацаандаа анхны автомат бууныхаа санааг олсон гэдэг. Ингээд 1944 онд Зержинскийн нэрэмжит их бууны академийн дэмжлэгтэйгээр олон сумаар шүршигч буу хийх ажилдаа орж 1947 онд анхныхаа АК-47-г үйлдвэрлэж эхэлсэн юм.

М.Т.Калашниковын зохиосон автоматыг гадаадын олон оронд үйлдвэрлэж өөрийн болгож авсан байдаг. Энэ нь бууны хөнгөн, найдвартай ажиллагаатай, маш энгийн хийцтэйгээс гадна ашиглалтын маш олон давуу чанаруудаас болсон юм. Манай армийн зэвсэглэлд ч гэсэн түүний зохиосон буудлагын зэвсгүүд 90 гаруй хувийг эзэлж байна.