Зэрлэг барууны тухай уншигч та бишгүй л олон домог, хууч яриа сонсож ном болон киног шимтэн сонирхож байсан байх. Уг элс, салхинаас бүрэлдэх догшин ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож нэрээ домог мэт цуурайтуулсан хэд хэдэн шилийн сайр эрчүүд, дээрэмчид төрөн гарсан байдаг. Том хамарт George Parret бол яг тэдний нэг байлаа. Тэрээр галт тэрэг дээрэмддэг байснаараа туйлын алдартай нэгэн байсан юм.
1878 оны 8-р сарын 16-ны өдөр Wyoning мужид төмөр замаар салхи татуулан давхиж байсан галт тэргэнд гэнэт дээрэм болж хууль хүчний байгууллагын хоёр хүн болох мужийн орон нутгийн шериф Robert Widdowfield болон АНУ-ын маршал Tip Vincent газар дээрээ алагдлаа. Тэднийг хэн алсан нь хэн бүхэнд ойлгомжтой байсан бөгөөд засгийн газар хариу авахын тулд алуурчныг барьсан хүнд 10,000 долларын шагнал амласан ч олдохгүй байсан тул сүүлд 20,000 болгон нэмсэн байдаг.
Баруун мужуудын худалдаачид зэвсэгт дээрэмчдээс туйлын их хаширсан тул цэргийн хамгаалалттай галт тэргээр тээвэрлэгдэж зүүн эргийн худалдаачидтай уулзаж наймаа хийдэг байлаа. Харин 1879 оны 2-р сард George Parret болон түүний бүлгэмийнхэн 15 цэрэг, 2 офицер болон түргэн тусламжийн баг гэх мэт бүрэн хамгаалалттай цуваа уруу дайрч 14,000 доллар дээрэмдэж чадсан түүхтэй. Уг дээрэм Miles хотын ойролцоо болсон бөгөөд уг үйл явдлын дараа 1880 оны 7-р сард шагналын мөнгөнд улайрсан хоёр сайн дурийн мөрдөгч нийлж George-ыг түүний бүлгэмийн гишүүн Charlie-тай хамт олзолсон байдаг. Цагдаагийнхан түүнийг буцааж Wyoming мужид авчирсан бөгөөд хууль сахиулагчдын амь насыг хөнөөсөн болон асар их мөнгөний дээрмийн хэрэгт түүнийг шийтгэжээ.
1881 оны 4-р сарын 2-ны өдөр түүнийг оргуулахын тулд бүс нутгийн гэмт хэргийн бүлэглэлийн 200 орчим гишүүд шоронгийн гадаа ирж цагдаа нартай тулалдсан боловч түүний орголт бүтэлгүйтэж буудалцааны үеэр амиа алдсан аж. Түүнийг нас барсны дараа Thomas Maghee гэх эмч гэмт хэрэгтний сэтгэл судлалын нээлт хийхийн тулд түүний тархийг гуйсан боловч Засгийн Газар бүх биеийг нь эмчид өгсөн тул гэмт хэрэгтний цогцсыг хувийн хэрэгцээндээ ашиглах зорилгоор гавлын ясаар нь үнсний сав хийж, арьсаар нь гутал хийсэн түүхтэй. Өдгөө түүний гавлын яс болон арьсаар нь урласан гутал цөм Wyoming мужийн музейд байдаг байна.