Dakota Meyer нь 1988 онд АНУ-д төрсөн бөгөөд 2007 онд армид элсэж тэнгисийн цэргийн мэргэн буудагчийн ангид хуваарилагдан анх Ирак уруу томилогдож байжээ. Тэнд хоёр жил алба хаасан боловч онц ноцтой байлдааны ажиллагаа явагдаагүй тул нэг ёсондоо аюулаас хол байсан гэж хэлж болно. Харин 2009 онд Афганистан уруу хуваарилагдаж тэнд л дайн гэж юу болохыг жинхэнэ утгаар нь үзсэн байдаг.
Тэрээр 2009 оны 9-р сарын 8-ны өдөр өөр бусад 36 цэргийн хамт Афганистаны Ganjgal гэх тосгоны ойролцоо Афганистаны салан тусгаарлагчдийн зэвсгийн агуулахыг хайж явах үедээ отолтод орж тал талаасаа шүршүүлж эхэлжээ. Ил задгай тал байсан тул цэргүүд гэнэтийн дайралтад ямар ч бэлтгэлгүй байж таарч тэдний 12 цэрэг газар дээрээ хүнд шархдаж үлдсэн цэргүүд нь ямар ч хөдлөх боломжгүй болтлоо таг гацсан байна.
Харин Dakota Meyer мэргэн бууч тул азаар цэргүүдийнхээ хамгийн ард явж таарч бүслэлтийн бүсэд нэвтрээгүй байжээ. АНУ-ын тэнгисийн цэргийн командлалаас бүслэлтээс зугтах боломжтой цэргүүдийг яаралтай зугт, нисдэг тэрэг илгээж үлдсэн хүмүүсийг аварна хэмээн хэлэхэд Dakota Meyer цор ганцаар зугтах боломжтой байв. Гэвч тэрээр зугтахгүйгээр шийдэж буугаараа онилон босогчдийг буудаж эхэлсэн бөгөөд оногдоогүй цэргүүдээ бүслэлтээс гаргаж шархадсан цэргүүдээ аюулгүй бүс уруу хамтдаа зөөсөн байна. Мэргэн буудагч эр нийт 5 удаа шархадсан цэргийг үүрч аюулгүй газар хүргээд буцаж галын шугамд очин босогчидтой тулалдсан байдаг. Тэрээр гарцаагүй хамт алба хааж байсан 36 цэргийнхээ амийг тушаал зөрчин байж аварсан нэгэн юм.
Уг үйлдлийнх нь хариуд 2011 онд түүнд АНУ-ын тэнгисийн цэргийн академиас эр зоригийн одонгоор шагнасан аж. Гэвч тэрээр сэтгэцийн гүн хямрал, стресст орсон тул нэгэн өдөр найзынхаа гэрт архи ууж, мансуурч дууссаныхаа дараа машиндаа сууж гар буугаар өөрийгөө буудах гэсэн боловч сумгүй болж таарчээ. Энэ үеэр цагдаа нар ирж түүний үйлдлийг таслан зогсоосон бөгөөд эмч нар шинжилгээ хийсний үр дүнд эмчилгээ хийж сэтгэл санаа нь дээрдсэн байдаг. Тэрээр дахиж хэзээ ч хүн алахгүй хэмээн хэлснээс гадна үлдсэн амьдралдаа дахиж ойрх дорнодыг зүглэхгүй хэмээжээ.