Хэнтий аймгийн Норивлин сумын дөрөвдүгээр багт оршин суух 12 настай М, 15 настай Н нар гэр бүлийн хүрээний хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх дуудлага мэдээлэл тус аймгийн цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Хэргийг тодруулбал, /2020.03.06/-ны өдрийн 18:30-д цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын дагуу хэргийн газар үзлэг хийхэд 58 настай Б гэгч нь, 12 настай М охиныг хүчирхийлсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Иймд хэргийн газрыг зурагжуулан авч, нотлох баримт болгон хэрэгт хавсаргасан байна.
Мөн /2020.03.10/-ны өдрийн 17:15 цагт иргэний дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгахад, Дадал сумын Баян-Овоо багт суух 33 настай Б, түүнтэй нэг хаягт суух 38 настай Б нар нь 12 настай М, 15 настай Н нарыг нийлж, удаа дараа хүчирхийлсэн байж болзошгүй нөхцөл байдлыг цагдаагийн бүрэлдэхүүн илрүүлжээ.
Дуудлага мэдээллийг Хүүхэд хамгааллын 108 тусгай дугаарт анх мэдүүлсэн охидын авга эгчийн тодруулгаар, хүчирхийлсэн гэх этгээдүүд төрсөн ах дүүс бөгөөд 38настай Б гэгч нь охидын ээжтэй 2017 оноос хойш хамтран амьдарч буй аж. Хэрэг эхэлсэн цагаас хойш хожуу илэрсний шалтгаан нь хүчирхийлэгч этгээдүүд үйлдлээ нуун дарагдуулах шалтгаанаар охидыг нэг бус удаа айлган сүрдүүлж байсныг эх сурвалжаас тодруулсан юм.
ГЭМТ ЭТГЭЭДҮҮД БУСАРМАГ ҮЙЛДЛЭЭ НУУХЫН ТУЛД ОХИДЫГ УДАА ДАРАА АЙЛГАЖ, СҮРДҮҮЛЖЭЭ
Түүгээр ч зогсохгүй хүчирхийллийн золиос болсон тэдгээр охид нэг гэр бүлийн гурван хүнд буюу өвөө, хойд аав болон нагац ахдаа 2017 оноос хойш хүчирхийлүүлж байсан нь элэг эмтэрмээр. Сурч боловсрон тоглож наадах насан дээрээ өвөө, хойд эцэг болон нагац ахдаа удаа дараа хүчирхийлүүлж, улмаар гэмт этгээдүүд бузар үйлдлээ нуухын тулд балчир охидыг хэрхэн айлган сүрдүүлж байсан бол гэж бодохоос эрхгүй сэтгэл өвдөнө.
Бүхэл бүтэн гурван жил, 1095 хоног, 26.280 цагийн турш тэдгээр балчир охид бусармаг үйлдлийг бие болоод сэтгэлээрээ мэдэрч бас тэвчиж байсан гэж бодохоор тэдгээр гэмт этгээдүүдийн хийсэн үйлдэлд нь таарах ял шийтгэл Монголын хуульд байхгүй мэт санагдана.
Охидын авга эгч хэргийн тухай мэдсэнийхээ дараа даруй “Хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаар”-т залгаж, хүчирхийлэлд өртсөн охидыг хамгаалалтад авахыг хүсэхэд оператор бүсгүй:
“Цагдаагийн байгууллага хэргийн газарт үзлэг хийж, эрсдэлийн үнэлгээг гаргаж байж, хүүхдүүдийг түр хамгаалах байранд авна. Та өөрөө хүүхэд хамгааллын олон улсын байгууллагаа эрж олоорой. Манайх яг одоо хүлээж авах боломжгүй” хэмээх үгийг юу ч бодсон шинжгүй зүгээр л хэлчихэж. Магадгүй оператор бүсгүйн гэр бүл, хамаатан саданд эл жигшүүрт хэрэг гарсан бол тэрбээр дээрх тайлбараа өгөөд жишим ч үгүй ингээд суух байсан болов уу.
АЖИЛДАА ХАЙНГА ХАНДСАН ОПЕРАТОРЫГ ХАЛЖЭЭ
Хуулиндаа цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хүчирхийллийн дуудлага ялангуяа бага насны хүүхэд рүү чиглэсэн бол эл хэргийг бусад хэргээс чухалчилж, хамтарсан багийнхан эрсдэлийн үнэлгээг даруй гаргаж хүүхдүүдийг түр тусгаарлах байранд хамгаалалтад авах ёстой байдаг.
Гэтэл нөхцөл байдал хэдийн тогтоогдож, гэмт этгээдүүдийг цагдан хорьчхоод байхад “Тэд хүчирхийлэл үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа шүү дээ” гэж хэлээд сууж буй нь энэ мэт хэчнээн хүүхэд тусламж авч чадалгүй, бие сэтгэлээрээ хохирч буй бол хэмээн бодоход хүргэнэ.
Хохирогч охидын эгч эл бичлэгийг сошиалд дэлгэсний дараа 108 дугаарын оператор бүсгүйг ажлаас нь халжээ. Хэрэв хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаарын оператор бүсгүй ажлаа чин сэтгэлээсээ ном журмын дагуу хийсэн бол өнөөдөр тэр ажлаасаа халагдахгүй. Хамгийн гол анхаарах зүйл нь тухайн байгууллага ажилтнаа халаад өнгөрснөөр энэ асуудал шийдэгдэх үү? Цаашид иргэний энэ мэт хэргийг бидэнд хамаагүй гээд сууж байх уу? Хүчирхийллийн золиос болсон тэдгээр хүүхдүүд эзэнгүй төрдөө тоогдохын тулд өөр хаана, хэнд хандах ёстой вэ.
Охидын хэргийн тухай хэвлэлийнхэн Хүүхэд, хөгжил хамгааллын үйлчилгээ хариуцсан дарга н.Алтанзаяагаас мэдээлэл авах гэсэн ч өгөөгүй тул тус газрын хэвлэлийн ажилтан н.Оюунгэрэлээс дараах тодруулгыг авчээ. Тэрбээр олон нийтийн сүлжээнд бичлэг дэлгэсэн охидын авга эгчийн буруу хэмээн тайлбарласан. Харин бичлэг байршуулсан эмэгтэй Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газар хүчирхийлэлд өртсөн хоёр охиныг хамгаалалтанд аваагүй төдийгүй худал мэдээлэл өгч байгааг мэдэгджээ.
“Би дүү нараа хүчирхийлэлд өртөж байгааг /2020.03.10/-ны оройн 20:00 цагийн үед мэдсэн. Хохирогч охидын ээж энэ тухай надад юу ч хэлээгүй. Тиймээс би энэ хэргийг сонссоны дараа сумын цагдаагаас эхлээд бүх шатны хүмүүстэй холбогдсон. Бичлэг сошиалд цацагдсаны дараа л Хэнтий аймгийн засаг даргын тамгын газраас охидыг түр хамгаалах байранд авсан.
Тухайн хэргийг хариуцаж ажиллах байсан хүмүүс бүгд өөрсдийн нэр нүүрийг бодож, намайг худал гүтгэж байна. Би бүх зүйлсийг баримтжуулж байгаа. Удахгүй орон нутгийн зам нээгдэхээр Норивлон сум руу очиж энэ хэргийг хариуцсан мөрдөгчтэй уулзана. Би дүү нараасаа хэргийн талаар асуухад хүчирхийлэл үйлдсэн гэх өвөө нь, хойд аав, түүний төрсөн дүүгээс гадна дахиад хоёр хүн зүй бус үйлдэл хийдэг байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Тэд одоо ч гэсэн яагаад сул явж байгааг нь гайхаж байна. Энэ хэргийн учрыг заавал олно” гэв.
ОХИД НЬ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨНИЙГ ЭЭЖ, ЭМЭЭ НЬ НУУЦ БАЙЖЭЭ Охид нь хүчирхийлэлд өртөж байсныг мэдсэн төрсөн эх болон эмээ нь энэ аймшигт нууцыг юунд хав дарахад хүрэв? Магадгүй мэдсэн даруй тэдгээр жигшүүрт хүмүүсийг хуулийн байгууллагад хүлээлгэн өгсөн бол охидын сэтгэл зүйд бага ч болов ГЭРЭЛ НЭМЭХ байсан нь лавтай. Гэмт этгээдүүд зөвхөн охидыг бус ээж болон эмээг нь ч айлган сүрдүүлж байсныг таашгүй. Тус хэрэгт дараах хуулийн заалт үйлчилнэ.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга: 2.Энэ гэмт хэргийг: 2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн;
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ ХҮНИЙ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
12.1 дүгээр зүйл.Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг: 2.1.арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж; /Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.2.бүлэглэж; 2.3.гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж; 2.6.хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэж; 4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Хуулийн заалтыг харахад гэмт этгээдүүдэд дунджаар 6-10 жилийн хорих ял оноохоор зүйлчилжээ. Хэрэг шийдвэрлэгдэж, тэдгээр бусармаг хэрэгтнүүдэд ялыг нь өгөөд хорилоо гэж бодъё. 10 жилийн дараа охид 22 болон 25 настай байна. Тэр үед тэдгээр гэмт этгээдүүд охидод занаж, бие болоод сэтгэл зүйд нь хүчирхийлэл үйлдэхгүй гэх баталгаа үгүй. Хамгийн гол нь Монголын ирээдүй болсон балчир охид ийм жаахандаа хүн дүрст араатнуудын балгаар насаараа сэтгэлийн хар толботой амьдарна.