Дунд сургуульд байхаасаа л загварын тайзтай амьдралаа холбож, миссүүдийн замналаар амьдарч ирсэн Д.Долгион 13 жил тасралтгүй Гоёл наадмын тайзан дээр алхаж ирсний дүнд сая нэг юм үнэлэгдэж отгон топын өргөмжлөл хүртсэн. Ийн олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлсэн тэрээр үүнээс өмнө Miss Universe тэмцээнд амжилттай оролцож Дэлхийн топ модель тэмцээнээс тусгай байрын шагнал хүртэж байсан чадварлаг нэгэн.
Топ болсон баярт үйл явдлаа тэмдэглэхдээ чамгүй хөрөнгө зарсан гэгддэг бөгөөд Д.Долгион миссүүд дундаа хөрөнгөлөг, бийлэгжүү гэдгээрээ эрхгүй ялгардаг байна. Технологи хүртэл хувьсан шинэчлэгдсээр байхад одоо үеийн гоо сайхны үзэмж хүртэл эрс өөрчлөгдөж эхлэв. Д.Долгионы сүүлийн үеийн өөрчлөлтийг ажвал мэс засал хийлгэв үү гэхээр үгүй. Зүгээр л нүүр будалтандаа илүү анхаарсан гэвэл дөхөх биз. Түүний чимээгүй өөрчлөлт хүртэл өөр түвшнийх гэлтэй. Энэ янзаараа цаг үе өнгөрөх тусам улам залуужсаар байдаг миссүүдийн эгнээнд төвөггүй багтах нь.