Польш болон Чех улсуудын хил залгаа орших Czermna гэх нутагт гэгээн Bartholomew-оор овоглогдсон өвөрмөц нэгэн сүм бий. Гаднаасаа Польшийн хөдөө нутгийн бусад сүмүүдээс нэг их ялгагдахгүй мэт боловч дотор нь орох мөчид бүх зүйл хэтэрхий өөр болохыг ойлгох юм. Учир нь Католик шашинт санваартнууд уг сүмийг босгохын тулд дийлэнх амьдралаа нийтийн оршуулгын газраас яс цуглуулахад зориулсан байдаг.
Уг сүмийг 1776 оны Чехийн санваартан Vaclaw Tomaszek-ын шийдвэрээр барихаар анхлан шав тавьсан түүхтэй. Сүмийг босгохын тулд олон жилийн турш үргэлжилсэн дайн болон халдварт өвчинд амиа алдсан 21 мянга гаруй хүний гавал болон бусад ясыг цуглуулахад тэрээр амьдралынхаа 18 жилийг зарцуулсан байдаг. Тодруулбал адис хүртсэн санваартан болох J.Schmidt болон J.Langer нарийн хамт 1776-1794 оны хооронд бүхий л цаг хугацааг оршуулгын газар дээр өнгөрүүлсэн гэж хэлж болно. Гол санаа нь тэдгээр бүх хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж анир чимээгүй ертөнц байгуулахыг зорьсон гэнэ.
1618-1648 оны хооронд бүхий л Европын хамарсан 30 жилийн дайх гэх томоохон дайнд амь үрэгдсэн хүмүүс болон Австри-Пруссийн хооронд өрнөсөн Siles-ын дайн гэх тулаанд амь үрэгдсэн хүмүүс, тахал, тэмбүү, өлсгөлөнгөөр амь үрэгдсэн хүмүүсийн ясаар уг сүмийг босгосон байна. Учир нь эдгээр хүмүүс маш их хүндэтгэлийг хүртэх ёстой байсан ч шөнийн цагаар золбин ноход булш ухаж эдгээр хүмүүсийн ясыг гаргаж ирэн мэрж байгаа нь хуврагуудад таалагдаагүй тул тэднийг илүү амар амгалан байлгах үүднээс ясыг нь сүмд тавьсан аж.
Өдгөө уг бүс нутагт тус сүмийг үзэх гэсэн гадна болон дотоодын аялагчид тасардаггүй гэнэ. Учир нь иймэрхүү сүм дэлхий дээр маш цөөхөн байдаг бөгөөд Польш улсад цор ганц байдаг бол Европ тивд хүний ясан сүм 6 ширхэг л байдаг аж.