Тэг зогсдог Улаанбаатар хотын замын хөдөлгөөн хөл хорио тавигдсан ч уужуу сайхан байна. Учир нь сургууль, цэцэрлэг цуглаагүй, төрийн албан хаагчдын олонх гэртээ сууж байгаатай холбоотой. Гэхдээ цар тахал намжиж, амьдрал хуучин хэвэндээ ороход нийслэлийн зам буцаад ачааллаа дийлэхгүй болно. Автомашины импорт жилд 15-20 хувийн өсөлттэй байгаа гэж үзвэл бүр аймшигтай ирээдүй хүлээж буй. Автомашин ёстой үл хөдлөх хөрөнгө болно гэсэн үг.

Өнөөдөр Улаанбаатар хотод 500 гаруй мянган автомашин бүртгэлтэй байдаг. Ажлын өдөр тэдгээрийн 80 хувийг замын хөдөлгөөнд оролцуулсан ч үр дүнд хүрэхгүй байгаа. Тиймээс газар дор метротой болох, эсвэл тэнгэрт зам тавих зэрэг олон шийдэл яригдаж эхэлсэн юм. Гэлээ гэсэн ч Монголд одоогоор тэдгээрийг хийх мөнгө алга. Харин зохицуулалт бол байна.

Тухайлбал, замын хөдөлгөөнд оролцож буй нийт автомашины гуравны нэгийг эмэгтэй жолооч нар барьж яваа. Тэдний эрхийг хязгаарлачихад л авто замын ачаалал 30 хувиар шууд буурах боломж байна. Харин эрчүүдийнхийг хасчихъя гэхээр энэ улсын эдийн засаг таг зогсож мэднэ. Ачаа тээврийн хар бор ажлыг эрчүүд л нугалдаг хойно. Ер нь нэг гэрт нэг автомашин байхад хангалттай. Мөн Улаанбаатар хотын гол хөл хөдөлгөөн 10 км-ийн радиуст эргэлддэг. Энэ хэмжээнд алхаад байхад хүүхнүүд бүгд турах мөрөөдлөө биелүүлчих бус уу.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


