1943 оны 3-р сарын 9-ны өдөр нэгдсэн улсад ирээдүйд Зөвлөлтийн эсрэг явуулах хүйтэн дайнд ашиглагдах оюун ухааны их жанжин мэндэлж байлаа. Тэр бол Бобби Фишер юм.
Тэрээр 6 настайдаа New York хотод нүүж ирээд анх удаа шатар тоглож үзжээ. Энэ цагаас хойш тэрээр амьдралынхаа дийлэнх цагийг шатар тоглоход зарцуулсан бөгөөд өдөржин л өөрөө өөртэйгөө тоглодог хүүхэд байсан гэдэг. Ямар сайндаа ээж нь сэтгэцийн эмчид үзүүлэхэд шатар тоглох нь гэмгүй ээ гэсэн хариу авч байсан түүхтэй.

Тэрээр 10 настайдаа шатрын мастертай анх удаа тоглож үзсэн бөгөөд ядах юмгүй түүнийг буулган авчээ. Үүнээс хойш удалгүй Нэгдсэн улсын бүх шатрын мастерууд түүнд ялагдахын төлөө очер авдаг болжээ. Удалгүй түүний ээж шатрын тэмцээн зохиодог болсон бөгөөд уг тэмцээнд 50 шатарчин 50 өрөгтэй байх бөгөөд Бобби Фишер ганцаараа бүгдэнтэй нь нэг нэг нүүдэл ээлжилж хийн бүгдийг нь хождог байжээ.

Дөнгөж 12 насандаа тэрээр АНУ-ын хамгийн их орлоготой шатарчин болж чадсан бөгөөд харин 14 насандаа Нэгдсэн улсын шатрын спортын аварга болсон түүхтэй.
Тэрээр 14 насандаа хэдийнээ АНУ-ын тагнуулын ерөнхий газрын хараанд өртсөн байдаг.
1972 он боллоо. Дэлхийн аваргын цомыг ЗХУ-ын тамирчин Борис Спасс эзэмшиж байлаа. Барууны ертөнц бүхэлдээ хүйтэн дайны он жилүүдэд шинэ аваргыг хүлээсээр байв. Дэлхийн аваргын тэмцээний тов зарлагдаж Исланд улсад зохиогдохоор боллоо. Гэвч Бобби Фишер Исландыг дэндүү хөдөө тосгон шиг хөгжилгүй улс, дээрээс нь шагналын сан бага байна хэмээн голж оролцохоос татгалзлаа.
Бобби Фишергүй дэлхийн аваргын тэмцээн үнэндээ утгагүй байсан учир түүнийг зөвшөөрүүлэхийн тулд тэмцээний тов эхлэх өдөр болсон ч хугацааг нэмж 2 өдөр сунгасан байдаг. Энэ хооронд Испаны тэрбумтан шагналын мөнгийг 3 дахин нэмсэн бөгөөд АНУ-ын засгийн газраас түү уруу залгаж эх орныхоо төлөө тоглохыг гуйсан байна.

Иймд Бобби Фишер дэлхийн тал хүн амын хүсэлтээр тоглохоор болж ялалтыг ардчилсан улсуудын талд авчирч дэлхийн аварга болж чадсан юм. Харин 1992 онд Бобби Фишер хуучны дайсан Борис Спасс-тай Югослав улсад тоглохоор боллоо. Тухайн үед АНУ Югославын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан байсан учир түүнийг явахгүй байхыг сануулсан байна. Үүний хариуд тэрээр “би эдийн засаг биш” хэмээгээд хуучны андыгаа зорьж дахин хожиж 3.5 сая долларын шагнал авсан байдаг.
Хариуд нь АНУ түүнийг 10 жилээр баривчлахаар болсон бөгөөд тэрээр Япон уруу зугтан тэндээ амьдарч байжээ. 2004 онд Наритагийн нисэх буудалд түүнийг зорчиж байхад Нэгдсэн улсын паспортыг нь хүчингүй болсон гэж үзээд хууль зөрчсөн хэмээн шоронд хийжээ. Эх оронгүй болсон эрийг АНУ-ын тагнуулын ерөнхий газар Америкийн шоронд хорихоор хэлэлцээр хийж байх үед түүнийг 1972 онд дэлхийн аварга болгосон Исланд улс Бобби Фишерийг хүлээж авахаа мэдэгдэн 12 минутын дотор л Ерөнхийлөгчийнх нь зарлигаар Исландын иргэний бүртгэлд мэдээллийг нь оруулжээ.
Ингэж эх оронтой болсон эр Америкийн шоронд орохоос аврагдаж олон улсын гэрээний дагуу шинэ эх орондоо очихоор өгөхөөр явсан түүхтэй. Бобби Фишерийг Исландад ирэхэд нь үндэсний баатар мэт угтаж авсан бөгөөд Ерөнхий сайд нь ” та одоо жинхэнэ Исланд хүн боллоо” хэмээж байжээ.

Тэрээр 2008 онд нас барсан бөгөөд үхэхээсээ өмнө Исландын телевизэд өгсөн ярилцлагад ” АНУ бол ямар ч ардчилалгүй улс, би залуу насандаа эх орондоо итгэж хүчээ өгч байсан, хариуд нь тэд намайг иргэнээс хасаж Японд цацрагтай шоронд зориуд хорьсон, бүх хэвлэл мэдээлэл улсынх нь гарт л байдаг” хэмээсэн юм.
