Б.Цэдэн-Иш буюу VII дүрийн Наро Банчэн гэгээнтэн өчигдрийн Мэдээллийн урсгал нэвтрүүлэгт оролцох үеэрээ цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан олон нийтэд бурхны номонд үндэслэн сургааль айлдсан.
Энэ үеэр сэтгүүлчид хутагт, хувилгаадууд эхнэр авч болдог эсэхийг тодруулж асуув. Өмнө нь Наро Банчэн Гэгээнтнийг эхнэр авсан тухай мэдээлэл цахим орчинд түгсэн юм.
Харин VII дүрийн Наро Банчэн гэгээнтэн Энэ нь сахилаас хамаардаг. Гэнэн сахил гэвэл хар хүмүүс ч сахиж болдог сахил. Ер нь сахил гэдэг ёс суртахууны хэм хэмжээ, буруу сэтгэлийг хорих арга зам гэсэн үг. Харин гэцэл, гэлэн гээд ирвэл эхнэр авч болдоггүй. Миний хувьд тэр том сахилыг аваагүй. Энгийн хар хүмүүсийн сахиж болдог гэнэн гэж сахилыг авсан байгаа гэж хариуллаа.

Та дараагийн сахилуудыг авах уу?
Сахилаа алдаагүй тохиолдолд дараагийн сахилыг авах бололцоотой.
Тэгэхээр гэр бүлээ яана гэсэн үг вэ?
Ер нь нэг нийгмийн буруу хандлага байна. Хүний биеийн хэргийг гаргавал юу л бол юу бүтээнэ гэж бурхны номонд айлддаг. Гэтэл энэ эрдэнэт хүний биеийг хамаг хэрэггүй мэдээлэл рүү оруулж, цаг хугацааг үр бүтээлгүй өнгөрүүлээд эргээд өөртөө асуудал үүсгэх бололцоо байна.
Та бол VI Наро Банчэний хойд дүр. Өндөр сахил нь дагаад энэ төрөлдөө ирэхгүй юү?
Энэ биедээ үлддэг сахил, дараа төрөлдөө дамждаг сахил гэж бий. Надад бусдад хийсэн хорлолтой үйлдэл байхгүй байгаа. Үргэлж амьтны төлөө бясалгаж, сайн үйл хийж явна.
Г.САНСАРМАА


