Энэ нь дэлхийн хоёрдугаар дайны явцад өрнөсөн Еврей хүүхдүүдийг Германчуудаас аврах зохион байгуулалттай ажиллагааг хэлдэг байна. Анх дэлхийн хоёрдугаар дайн эхлэх үед Еврейчүүдийг Герман улс хайр найргүй устгаж эхэлсэн тул Франц, Польш, Бельги зэрэг улсуудын партизанууд уулзаж Их Британы Засгийн Газраас Еврей хүүхдүүдийг түр хугацаанд орогнуулах хүсэлт тавьсан байдаг.
Хүсэлт тавьсны маргааш нь л уг асуудлыг Их Британы парламент хэлэлцэж 100 хувийн саналаар зөвшөөрсөн түүхтэй. Гэхдээ үүнийг зөвшөөрөхийн тулд Их Британи улс нэн тэргүүнд цагаачлалын бодлогоо үндсээр нь халсан юм. Хүүхэд төрүүлээгүй 17 хүртэлх насны эх газрын Европ тивд амьдарч буй хүүхэд бүрийг тус улс цагаачлагчаар бүртгэх болов. Мөн өөрийн харьяанд байдаг улсууд уруу зөөвөрлөхөөр болж эхний ээлжид 5000 орчим хүүхэд хамрагдах болов уу гэж тооцсон ч уг тоо 10,000 болон өссөн аж. Гэвч бодит байдал дээр 15,000 орчим хүүхэд Их Британы Засгийн Газрын шийдвэрээр Германчуудаас аврагдсан түүхтэй.
Шийдвэр гарснаар уг ажил маш хурдан хэрэгжиж эхэлсэн юм. Их Британы Засгийн газар тус ажлыг хийхийн тулд тагнуулын ерөнхий газартай хамтран тусгай бэлтгэгдсэн хүмүүсийг Герман, Австри улсууд уруу илгээж өөрсдийн холбоотнууд болон партизануудтай холбоо тогтоон хүүхдүүдийг сонгон шалгаруулалтаар оруулж Их Британ уруу зөөж эхлэв. Уг аврах ажиллагааг “Дэлхийн Еврейчүүдийн Сан” гэх байгууллага гардаж зохион байгуулах болов.
Энэ бүх үйл хэргээ эх газрын Европ тивд нуугдан амьдарч буй Еврей гэр бүлүүдэд сурталчлахын тулд Их Британы BBC радиогоор тухайн үед өдөржин, шөнөжин л цацаж байлаа. Мөн Герман, Австри, Зүүн Европ л биш бол баруун Европын улсуудад Еврейчүүдийг барих ажиллагаа харьцангуй нам гүм явагдаж байсан тул тус бүс нутаг аюул багатай гэж хэлж болохоор байв. Иймд далайгаар Их Британи хүргэх боломжгүй хүүхдүүдийг Францын хөдөө нутаг, Нидерланд зэрэг улсууд уруу ч зөөвөрлөж байв. Ийнхүү уг ажиллагаа 1940 оны 5-р сарын 14-ны өдрийг хүртэл үргэлжилж олон мянган Еврей хүүхдүүдийг үхлийн аюулаас аварсан аж. 1940 оны үед дайны гал хэтэрхий ширүүсэж эхэлсэн учир уг ажиллагааг зогсоож цэргийн хүчиндээ анхаарахаас өөр сонголтгүй болсон байдаг.