Энэ үйл явдал 2011 онд болсон бөгөөд Helen Berence Reyes Cardenas гэх урт нэртэй охин бол ердөө 5 настай,АНУ-ын Washington мужид амьдрах Латин Америк гаралтай цагаач аж. Түүний эцэг нь охиныг төрөх үед гэр бүлээ орхин ор сураггүй алга болсон тул түүний ээжид бүхий л амьдралаа нуруун дээрээ авч явах хүндхэн ачаа тулгарсан байна. Ийнхүү амьдрах арга үгүй болсон тул АНУ-ын Washington мужид цагаачлан ирж тэндээ нийгмийн халамж болон цагийн ажил хийн аж төрдөг байв. Гэвч эдийн засгийн хямралын хор уршгаар баруун хойд эргийн Washington мужид ажлын байр хомстож түүний ээж ажилгүй болжээ.
Охин сургуульд сурдаг боловч солих ээлжийн хувцасгүй тул хүүхдүүдээс үнэхээр их санаа зовдог байна. Түүнчлэн сургуулиас нь өнгийн харандаа, шугам гэх мэт хичээлийн хэрэгслүүдийг тогтмол нэхдэг байсан ч түүний ээжид авч өгөх чадал байсангүй. Харин бусад хүүхдүүд бүгд шаардлагатай зүйлсээр тэр дороо хангагддаг тул бяцхан цагаач охиныг ангийнхан нь ядуу гэж гадуурхан шоолдог байжээ. Түүний ээж ажил хайж байгаад орой гэртээ орж иртэл охин нь маш их уйлсан сууж байв. Хөөрхий охиноо өрөвдөн тэд хамтдаа хүслийн жагсаалт гаргаж тэр бүхнээ Испани хэлээр бичээд гэрийн хаяг, ээжийнхээ утсыг бичэн ээжтэйгээ хамт гадагшаа гарч азотын хийгээр хийлсэн шааранд хүслийн жагсаалтаа хийн Санта өвөө уруу илгээсэн байна. Мэдээж түүний ээж Сантад итгэдэггүй боловч охин итгэдэг байлаа.
Охинд тусалсан гэр бүл
Ийнхүү түүний хийсгэсэн шаар хойд туйл биш өмнөд зүг уруу 1,100 гаруй км газрын туулж California мужийн Laytonville хотод очин шаар нь хагарсан байв. Julie Sanders гэх бүсгүй өөрийн хүүтэй хамт салхилж байхдаа уг захиаг хажуудаа хагархай шаарын хэсэгтэй хэвтэж байхад нь олж нээн үзтэл бүх зүйл Испани хэлээр бичигдсэн байжээ. Тэд орчуулан уншиж үзтэл энэ нь Сантад илгээсэн хүслийн жагсаалт байсан бөгөөд охины хүссэн зүйлсийг уншаад түүний хүү болон тэр хоёрт үнэхээр их өрөвдөх сэтгэл төрж уг охинд туслахаар шийдсэн байна. Уг хүслийн жагсаалтад шугам, барби тоглоом, өвөл өмсөх боломжтой уранхай биш бүтэн өмд, өнгийн харандаанууд зэрэг зүйлс багтжээ. Ийнхүү ээж хүү хоёр хүссэн бүх зүйлийг нь худалдаж аван 2012 оны 1-р сарын 5-ны өдөр гэрт нь хүргэж өгч баярлуулсан байна.