Гаднаас харахад хууль зөрчигчид, арьс өнгөний үзэлтнүүд байж болох мэт дүр зураглал буух эдгээр хүмүүсийг нэгтгэдэг зүйл нь BACA гэх нэр юм. Энд харагдаж буй эрчүүд бүгд хүнд хэлбэрийн рок хувцас өмсөж байк унаж давхилддаг бөгөөд BACA бүлэглэл нь АНУ-ын хэд хэдэн мужуудыг хамарсан нилээд өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулдаг бүлэглэл. Гэвч эдний үйл ажиллагаа арьс өнгөний үзэл, эсвэл хүн дээрэлхэх зэргийн аль нь ч биш юм. Гагцхүү уг хүдэр чийрэг эрчүүд бүхий л хүч чадал, оюун ухаанаа нэгтгэн хүүхдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг аж.
Анх уг бүлэглэл 1995 онд байк сонирхогч рок залуучууд сонирхлынхоо дагуу байгуулсан боловч тэд бусад бүлгүүдээс ялгарч нийгмийн сайн сайхны төлөө ямар нэгэн зүйл хийх ёстой хэмээх нэгдсэн дүгнэлтэд хүрсэн байна. Ийнхүү тэд АНУ-д хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл тун их байгааг олж мэдэн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд туслах үйл ажиллагаа явуулахаар болжээ. Нэгэнт ийм шийдвэр гаргасан тул 1996 оноос эхлэн тэд ямар нэгэн байдлаар хүүхэд хүчирхийлсэн этгээд шоронд орох хүртэл, эсвэл гэм буруугүй нь шүүхээр нотлогдох хүртэл хүчирхийлэлд өртсөн хүүхдийн гэрийн гадаа ээлжээр манаанд гарч шөнийн турш хамгаалдаг болсон аж.
Түүнчлэн тус бүлэг байгуулагдаад хэдийнээ 23 жил болсон бөгөөд жил бүр АНУ-ын хэд хэдэн мужуудын хүүхдийн асрамжийн газруудад сайн үйлс үйлдэн, хандив тусламж цуглуулж хүүхдүүдэд чинь сэтгэлийн бэлэг өгдөг байна. Бүлгийн удирдагч тэтгэвэртээ гарсан ч өөр хэн нэгэн нь түүнийг орлож уг залгамж чанарыг огт алдагдуулалгүй авч явдаг гэнэ. Тэдний хамгийн их хэлэх дуртай үг нь “хүүхдийг чиглэн ирэх ямар ч сум байсан бид дуртайяа өмнүүр нь орох болно” гэх үгс юм.