Уг зурагт харагдаж буй гахайг Lulu гэдэг бөгөөд аварга том алтан медаль зүүсэн нь махлаг биенийхээ ачаар бус ур ухааныхаа хүчээр олсон медалиуд аж. Түүнийг алдаршуулсан үйл явдал 1998 онд болсон юм. Pennsylvania мужид фермер хийн амьдрах Jo Ann гэх эмэгтэй амьтанд угийн хайртай тул зэрлэг гахайг бага байхаас нь өөр дээрээ өсгөн эрх амьтан болгон хайрлан тэжээдэг байжээ. Нэгэн өглөө тэрээрүнээгээ саахаар гэрээсээ гарч яваад гэнэт зүрхний шигдээс болон газарт таталт өгөн унасан байна.
Эзэндээ ямар нэгэн муу зүйл тохиолдсоныг харсан Lulu гахай тухайн үед саравчиндаа байсан боловч саравчийг хүчтэй мөргөсөөр эвдэж гарсан байдаг. Чухам дэргэд нь хүн байгаагүй тул юу болсныг хэлэхэд хэцүү ч эзнээ долоож ойр орчмоор нь сандран эргэлдсэн мөрүүд үлдсэн байжээ. Түүнчлэн фермийн эзэн эмэгтэй зүрхний шигдээс болж ухаангүй болсон ч гахай нь өөрийг нь долоох хажууд нь сандран дуугарах гээд бүхий л зүйлсийг сонсож, мэдэрч байснаа хэлсэн байна.
Эзэн нь сэргэхгүй байсан тул гахай хамаг хурдаараа ойролцоо байх машин зам руу гүйж гарсан бөгөөд зам дээр явж байсан машины урд үхсэн юм шиг жүжиглэн хэвтсэн аж. Гайхсан жолооч машинаас буухад Lulu босож жолоочийн зүг толгойгоо дохин доороо эргэлдэж, дэвхцэн фермийн зүг гүйсэн аж. Гайхсан жолооч ямар нэгэн юм болсон байж мэдэх юм гэж бодон ферм дээр очтол газарт ухаангүй хэвтэх 50 орчим насны эмэгтэйг олж харжээ. Тэрээр шууд л түргэн тусламж дуудсан бөгөөд эмч нар эзнийг нь аварч амжсан байна. Хэрэв 15 минут л хоцорсон бол Jo Ann-д эмнэлгийн тусламж нэмэр болохоосоо оройтох байжээ. Түүний ухаалаг хийгээд баатарлаг үйлдлийн төлөө нутгийнхан нь Lulu гахайнд зориулан хөшөө хүртэл барьсан байдаг.