Энд харагдаж буй арал бол өмнөд Америк тивд орших Робинзон Крузо гэх нэрээрээ алдаршсан арал юм. Уг жижигхэн эх газарт яагаад ийм нэр өгөх болсон нь тэртээх 1704 онд Их Британы эзэн хааны тэнгисийн флотын усан онгоцны сүйрлээс улбаатай аж.
Тухайн үеийн Их Британы төрийн бодлого нь өмнөд Америк тивийг Испаничуудаас өмнө эзлэх байсан бөгөөд үүний тулд эзэн хааны онгоцнууд тасралтгүй эл нутгаар эргүүл хийдэг байжээ. Хэрэв Испаны хөлөг онгоцтой таарах юм бол аль болох удаан саатуулж, цаг барих, бүр болохгүй бол шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэх заавартай байсан аж.
Харин 1704 оны нэгэн өдөр Их Британы эзэн хааны армын нэг онгоц учир битүүлэг нэгэн шалтгаанаас болж живсэн бөгөөд аврах завин дээр Alexander Selkirk гэх ганц хүн өөр нэг мууртай хамт амь мултран ойролцоо харагдах арал руу сэлүүрдэн очсон байна. Тухайн үед дарь дэлбэрч онгоц юу ч үгүй болсон байх магадлалтай бөгөөд тийм ч учраас олон хүн амьд үлдэж чадаагүй хэмээн таамагладаг аж.
Харин түүний очсон арал дээр асар их хэмжээний том хархнууд амьдардаг байсан бөгөөд шөнө унтаж байхад нь түүнийг дан араг яс болтол нь мэрэх аюул тулгараад байлаа. Хамгийн аймшигтай нь модон дээр унтах байсан ч тэд модонд авирчихдаг байв. Зарим шөнүүдэд түүнийг хазаж байхад өвдөлтөөсөө болж сэрж амьд үлдсэн тохиолдлууд ч түүнд байжээ. Гэвч Alexander Selkirk-ын аминд орсон ганц зүйл бол түүнтэй хамт аврах завинаас амьд үлдсэн муур байлаа. Уг муур л шөнө бүр далайчин эрийг хамгаалан, хархаар хооллон амьдарсаар байжээ. Тэд хамтдаа уг арал дээр 4 жилийн турш амьдарсны эцэст Их Британы худалдааны хөлөг онгоц түүнийг мууртай нь олж аварсан гэдэг.