Уг хоёр хүнийг та сайн танихгүй байж магадгүй. Эрэгтэй нь бол Норвегийн хаан Harald бөгөөд тэрээр 1937 онд хорвоод мэндэлжээ. Түүний хажууд гэргий нь болох Норвегийн хатан Sonja зогсож байна. Тэдний хайр дурлалын түүх нь Европын язгууртнуудын гэрлэлтийн загварыг үндсээр нь өөрчилсөн анхны тохиолдол болсон юм.
Дээд язгуурт удмын Хаан Harald залуухан ханхүү байх үедээ буюу 1956 онд өөрийн эхнэртэй танилцаж улмаар бие биендээ дасан үерхэж эхэлжээ. Sonja харин ямар нэгэн цол хэргэм, сэхээтэн удамгүй энгийн нэгэн даавууны худалдаачны охин байв. Тэдний үерхэл хууль дүрэм, ёс зүйд нийцэхгүй байсан тул тэд нууцаар үерхдэг байв. Гэхдээ хайрыг хүн удаан нууцалж чадна гэж үү? Тэд хамтдаа 9 жил үерхсэн байдаг. Эхэндээ Harald-ын эцэг тэдний үерхлийг зөвшөөрдөггүй байжээ. Ямартай ч одоогоор үерхэж байж болох ч цаашдаа ирээдүйгүй хэмээн үздэг байв.
Нэгэн өдөр эзэн хаан ханхүү Harald-г дуудан зөвхөн дээд язгуурын хүнтэй гэрлэх ёстой гэж загнахад хан-хүү эсэргүүцэн Sonja-тай суухгүй бол би өөр хэнтэй ч гэрлэхгүй. Норвеги улсын хааны удам надаар тасраг хэмээн эцэгтээ хатуухан хэлжээ.
Ийнхүү хүүгийнхээ байр сууриндаа бат байгаа чанарыг харсан түүний хаан эцэг удаан бодсоны эцэст 1968 оны 3-р сард тэдэнд гэрлэх зөвшөөрөл өгч хосууд 1968 оны 8 сарын 29-ны өдөр сүр жавхлантайгаар хуримаа хийсэн байна. Тэдний хурим Норвегиор тогтохгүй даян дэлхийн ард түмэнд хайр дурлалд хил хязгаар байхгүй гэдгийн бодит жишээ болж чадсан юм.