Ном бол бүхий л цаг үеийн хүн төрөлхтний соён гэгээрлийн хамгийн чухал зэвсгүүдийн нэг хэмээн үздэг. Нийтийн хэвлэл, хэвлэх үйлдвэр, номын дэлгүүрүүд хангалттай хөгжөөгүй байсан эрт цагт хүмүүс номын сангаас л ном авч унших боломжтой байлаа. Харин өнөөдөр хүн бүрт хувийн номын сантай болох боломж бүрдсэн юм. Тиймээс ч бидний амьдарч буй энэ цаг үе өмнөх бүхий л цаг үеүдээс хамгийн энх тайван бөгөөд шинжлэх ухааны ололт амжилтуудыг хүн төрөлхтний сайн сайхны төлөө ашиглаж болохуйц бүх боломж бүрдсэн жаргалтай эрин үе гэж хэлж болно.
Дэлхийн хамгийн анхны номын сан МЭӨ 3-р зуунд эртний Александр хотод байгуулагдаж байсан түүхэн баримт байдаг. Энэ цаг үеэс эхлэн дэлхий ертөнцийн хүн төрөлхтөн сайн, муу маш олон зүйлийг туулан хөгжсөөр л байлаа. Эдгээр бүх хөгжлийн явцад ном бол хүний салшгүй нэг хэсэг гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч эхлэв. Иймд дундад зуун гэхэд дэлхийн бараг бүхий л соёл иргэншилт улсууд өөрсдийн том номын сантай болсон байв. Жишээлбэл Ойрхи Дорнодын хамгийн том номын сан “Багдад” хотод байрладаг байлаа. Харин Их Монголын эзэнт гүрний эзлэн түрэмгийллийн үеэр уг номын санг бүтнээр нь шатаав. Гэвч номуудыг бүхлээр нь шатаасангүй. Учир нь Чингис Хаан номын ид шид, ашигт чанарыг хэнээс ч илүү мэддэг байсан тул Араб хэл дээрх номуудыг бүгдийг нь аварч үлдсэн гэдэг. Харин Арабуудын хувьд номын санг бүхлээр нь шатааж тэдний түүх, тэмцэл хийгээд оюун ухааны дархлааг хамтад нь устгах сэтгэл зүйн дайралт хийсэн гэж болно.
Тэгвэл 19-р зууны эхэн үеэс өрнийн ертөнц бүх нийтийг бичиг үсэгтэй болгох, соён гэгээрүүлэх ажилд түлхүү анхаарал хандуулах болжээ. Гэвч томоохон хотуудад л номын сангууд байснаас биш олон зуун хөдөө суурингийн хүмүүс ном унших ямар ч боломжгүй байв. Уг асуудлыг хэрхэн шийдэхээ хүн төрөлхтөн үнэхээр мэдэхгүй байлаа. Гэвч энэ асуудал нь шинжлэх ухааны хөгжил дэвшлийн ачаар нэг мөр шийдэгдсэн аж. 1904 онд АНУ-ын Өмнөд Каролина мужид “хүмүүсийн чөлөөт номын сан” гэх нэртэй явуулын номын сан анхлан байгуулагдаж тус муж улсын алслагдсан тосгонуудад ном тараах эхэлсэн байна.
Уг төсөл нь ард иргэдийн зүгээс тун сайн үнэлгээ авсан тул Засгийн газрын дэмжлэгтэйгээр илүү олон салбарыг бараг бүхий л мужуудад байгуулав. Гэвч 1945 он буюу дэлхийн 2-р дайны төгсгөл гэхэд уг явуулын номын сан үндсэндээ халагдах шатандаа оржээ. Учир нь гэвэл мөн л шинжлэх ухааны хөгжлийн гавьяа. Дэд бүтэц, автомашин, радио холбоо, телевизор зэрэг зүйлс асар хурдтай хөгжсөнөөр хүн төрөлхтний уламжлалт амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилсөн гэж хэлж болно. Хүн бүр хувьдаа автомашинтай болсон тул ойр байрлах хот, тосгод уруу шинэ тавьсан замаар асар хурдан очиж радиогоор дэлхийн мэдээ сонсож, зурагтаар телевизийн нэвтрүүлгүүд үзэж эхлэв.
Харин өнөөдөр 21-р зуун гарснаас хойш номыг номын дэлгүүрүүд, номын сангуудаас гадна электрон хэлбэрээр унших бүрэн боломж бүрдлээ. Зөвхөн электрон ном унших зориулалттай асар олон төрлийн таблетнууд ч хийгдсэн байна. Түүнчлэн хүн төрөлхтөн цаг үе ээ даган илүү бэлэнчлэх сэтгэлгээнд орж байгаа тул үүн дээр нь анхааран ажиллаж аудио номуудыг ч асар эрчимтэйгээр хийж эхлээд байгаа юм. Ямартай ч хэдий их цаг хугацаа өнгөрөх нь хамаагүй ном гэдэг зүйл өөрийн байр сууриа хэзээ ч алдахгүй нь мэдээж. Харин цаг үе, нөхцөл байдалдаа дасан зохицож мэдээллийг хүргэх хэлбэр нь л гагцхүү хэний ч санаанд оромгүй байдлаар өөрчлөгдөн хувьсах нь мэдээж хэрэг.