Albert Pierrepoint гэх эрхэм нь 1905 онд Их Британи улсад төржээ. Тэрээр хууль ёсны дагуу хамгийн олон хүн алсан хүнээр шалгарсан бөгөөд тодруулбал түүний хөнөөсөн хүний тоо 608-д хүрч байгаа юм. Гэхдээ тэрээр цэрэг, эсвэл тагнуулч огт биш бөгөөд ердөө л цаазаар авах ял гүйцэтгэгч эр байсан аж. Түүний дүүжлэн хөнөөсөн хүмүүсээс 200 гаруй нь дэлхийн хоёрдугаар дайнд онц хүнд гэмт хэрэг хийсэн нацистууд байлаа.
Анхлан угаалгийн газрын туслах байсан жаал хүү өөрийн ажилдаа тун сэтгэл хангалуун бус байсан тул 1931 онд өөрийнх нь нэгэн авга ах ажилладаг шоронгийн ангийн дарга уруу ажилд орох хүсэлттэй захидал илгээсэн байдаг. Түүнд хариу нь нэг жилийн дараа буюу 1932 онд ирж тэрээр цаазаар авагчийн туслах хэмээх орон тоогоор ажиллаж эхэлжээ. Тухайн үед яг ч тэрээр биечлэн дүүжилдэггүй байсан тул бүх зүйл арай хялбар байсан гэдэг. Харин 1941 онд хуучин цаазлагч нь тэтгэвэртээ гарсан тул түүнийг Их Британы цааз гүйцэтгэгч гэх албан тушаалд томилж төрийн нэрийн өмнөөс хүмүүсийг дүүжлэн хороодог боллоо.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараагаар тэрээр 200 гаруй нацистуудыг цаазаар авсан байдаг. Тэдний дотор William Joyce болон John Amery зэрэг эрхмүүд багтаж байлаа. Эдгээр эрхмүүд нь Их Британы иргэд бүр улстөрчид боловч дэлхийн хоёрдугаар дайнд нацистуудын талд ажиллан суртал ухуулга хийж байсан нь илэрсэн байна. Тэрээр өөрийн улсын хамгийн сүүлчийн цаазын ялыг гүйцэтгэсэнээрээ алдаршсан юм. 1964 онд Их Британи улс цаазаар авах ялыг хассанаас хойш уг эр Lancashire-д хувийн паб ажиллуулан амар тайван амьдрах болжээ. Тэрээр эрүүл энх, аз жаргалтай амьдарсаар 1992 онд нас баржээ. Albert Pierrepoint хийж байсан ажилдаа хэзээ ч эргэлзэж байгаагүй бөгөөд энэ бүхнийг зөвхөн эх орныхоо төлөө хийж байгаа гэсэн хатуу байр суурьтай нэгэн байсан юм. Мөн 2006 онд History Channel түүний түүхээр баримтат кин хийсэн байдаг.