Эх баригч эмэгтэй хүү гарсан тул болсон байх гэж бодож байтал базлалт үргэлжилж байхыг хараад Робертийн ихрийн өрөөсөн гарах гэж байна гэж мэджээ. Хоёр дахь хүүхэд амьд байв. Тэр толгойгоор түрүүлж гарсан тул анхандаа бүх зүйл хэвийн мэт санагдаж байв. Гэтэл яг бүсэлхий хүртэл гараад бүсэлхийнээс цааш юу ч байсангүй. Үүний харсан эх баригч эмэгтэй “Ээ, бурхан минь гэж. Энэ чинь эвдэрхий хүүхэлдэй юм уу хаашаа юм!” гэж уулга алджээ.
Энэ эвдэрхий хүүхэлдэйг бага Жон Экхарт гэж нэрлэжээ. Царайгаар Роберттой тун адил бол биеэрээ огт үгүй. Хожим Жоннигийн ажиллаж байсан эрэмдэг хүмүүсийн циркт түүнийг “Хүний хагас хүү” гэж нэрлэдэг болсон юм. Гэхдээ энэ хүний хагас жаал эгэл жирийн дундаж хүмүүсийн 90 хувийн хэзээ ч үзэж байгаагүй үйл явдлаар арвин, баялаг амьдралыг туулсан түүхтэй.
Жонни нь найрал хөгжим удирддаг, өөрөө хэд хэдэн хөгжмийн зэмсэг дээр чадварлаг тоглодог, кинонд зураг авахуулж, машин барьж, илбэ үзүүлж, зураг авдаг байсан бөгөөд эрэмдэг хүмүүсийн циркийг хуулиар хориглох хүртэл ийм циркийн хамгийн алдартай “үзмэр” байлаа. Жоннигийн биеийн бүсэлхийнээс доошхи хэсэг нь дутуу хөгжсөн бөгөөд энэ өвчнийг “ууцны үргүйдэл” гэж нэрлэдэг. Түүний биеийн аарцагны бүх хэсэг нь жижигрэн хэлбэрээ өөрчилж асар жижиг хөл ба бусад эрхтэн нь дээш түрэн цээжин бие рүүгээ шахагдан орсон. Ингэж жижигрэн шахагдсан хэсэгүүд амьдралынх нь турш ер өсч томроогүй бол цээжин хэсэг нь хэвийн өсч томорсон байдаг нь гайхалтай.
Жонни хамгийн өндөр үедээ 45 см өндөр байсан бөгөөд эрүүл мэндтэй холбоотой ямар ч асуудалгүй байв. Бусад хүүхдүүд хөлд орж байхад Жонни гар дээрээ явж сурч байлаа. Бусад ихрийн адилаар Роберт Жон хоёр үргэлж хамт явна. Хоёулаа сургуульд долоон настайдаа орсон, сурлагадаа гаргууд. Сургуульд орохоос өмнө эгч Кэролин нь тэдэнд бичиг үсэг заасан тул Жонни дөрвөн настайдаа уншиж сурсан байна. Жонни сургуулиа төгсөөд лам болохыг хүсдэг байжээ.
1923 онд Жонни өөрийгөө ямар хүн болох ёстойг олж мэджээ. Тэрээр Робертын хамтаар илбэчин Жон МакЭсланы тоглолтыг үзсэн байдаг. Тоглолтын үеээр ээлжит илбийг үзүүлэхэд үзэгчдийн дундаас сайн дурын хүн хэрэгтэй болж. Гэтэл бяцхан Жонни гар дээрээ хурдан хурдан явсаар тайзан дээр гарч ирсэнд илбэчийн гайхахын ихээр гайхжээ. Ийм зоригтой, чадварлаг хүүг МакЭслан алдахыг хүссэнгүй тэр даруй л эцэг, эхтэй нь Жоннитай хамт жилийн турш тоглох гэрээ байгуулсан байна. Роберт ч Жоннигийн хамт явах болж МакЭслан тэр хоёрт илбийн урлагийг зааж эхэлж.
Жилийн дараа ихрүүд Жон Шислин нэртэй өөр илбэчинтай хамтран ажиллах болов. Тэр үед Жонни овгоо Экхарт байсныг Экк хүртэл товчлоод өөрийн гэсэн илбийн хөтөлбөр боловсруулан үзүүлдэг болов. Тэрээр хүчний акробатын янз бүрийн үзүүлбэр, түүний дотор нэг гар дээрээ зогсдог алдарт үзүүлбэрээ тэр үед бэлджээ.