1930 оны эхэн үеэс Наран улсад цэрэг армийн хөдөлгөөн идэвхжин урьд хожид хэзээ ч байгаагүй тийм их эрх мэдлийг цэргийнхэн олж авлаа. Самурайн эрин үе дуусгавар болсноор тэд зах зээлээ Америкчуудад нээн энэ нь улмаар Япончуудын цэрэг армийн технологийн салбарын шинэчлэлтэд маш том алхам болж өгсөн юм. Ийнхүү Японы цэргийн яамны удирдлагууд эзэн хааныг ятгаснаар дэлхийн хамгийн хүчирхэг усан онгоцыг хийхэд хүргэжээ. Угаас Япон арлын улс учир өөрсдийн гол хүчээр далай тэнгист ноёлно гэх итгэл үнэмшил байсан байж болох.
1937 онд дэлхий нийтийн дайнд оролцохоос арай өмнөхөн Япон улс Yamato гэх хүчирхэг байлдааны усан онгоцыг бүтээлгэхээр захиалга өгсөн байдаг. Хөдөлмөрч ард түмэн дайны хүнд үеүдэд асар богино хугацаанд буюу 1941 онд сувдан эргийн дайралтаас ганц долоо хоногийн дараа онгоцыг бүтээж эзэн хааны усан флотод хүлээлгэн өгсөн байна. АНУ-ын номхон далайн усан флотын тал хувь нь устсан тул Yamato тэргүүтэй хүчнүүд номхон далайд ноёлно хэмээн тэд хөнгөмсөгөөр төсөөлж байсан хэрэг.
Гэвч АНУ энэ бүх дайралтад тун бэлтгэлтэй байсан төдийгүй Япон улстай байлдах харин ч сайхан шалтаг болж өгчээ. АНУ-ын тэнгисийн цэргийн алба номхон далайн нөөц флотыг Атлантын далайн флот хийгээд Канад Австралийн усан цэргийн нэгдэлтэй нийлүүлж асар их цэргийн бөөгнөрөл үүсгэн Японы эзлээд байсан арлууд тэр дундаа Филиппиний арлуудын зүг хүч түрэн довтлов. Иймд Япон улс нууц зэвсэг болох yamato-г Isoroku Yamamota гэх адмиралд 1942 онд хүлээлгэж өгөн АНУ-ын эсрэг тулалдсан байдаг.
Уг усан онгоц нь тухайн үед дэлхийн хамгийн хүчирхэг сөнөөгч онгоцонд зүй ёсоор багтаж байсан юм. 630 градус эргэдэг 75 их буу, 180 градус эргэх боломжтой 105 их буутай байсан нь уг онгоцыг хэр баргийн усан онгоц сүйтгэж чадахгүй байв. Мөн эх газар уруу гал нээвэл дайснаа ядах юмгүй газрын хөрснөөс арчих аюултай байсан аж. Иймдээ ч Филиппиний Leyte буланд газардсан АНУ-ын тэнгисийн цэргүүдийн эсрэг арал уруу 1944 онд бүх хүчээрээ гал нээж байсан байна. Yamato ядах юмгүй ялалтыг авчирсан ч Японы бусад анги нэгтгэлүүд тасралгүй ялагдаж байлаа. Иймд онгоцыг аюулгүй газар эргүүлэн татахаар Kyushu арлын орчимд явж байхад АНУ-ын тэнгисийн цэргийнхэн болон нисэх хүчнийхэн хүч хавсран бөмбөгдөж живүүлсэн байдаг. Тухайн үед хөлөг онгоцон дээр байсан 6000 орчим цэргүүдийн ихэнх нь тэр дороо амиа алдсан гэдэг.