АНУ-ын нэрт инээдмийн жүжигчин, кино зохиолч Билл Муррай-г мэдэхгүй хүн ховор биз. Тэгвэл уг эр 1970 онд өөрийн шог хошин зангаасаа болж цагдаагийн газарт баривчлагдан хонож байжээ. Учир нь гэвэл тухайн үед амралтаараа Флорида мужид зугаалж яваад аялалын усан онгоцон дээр суухаар болж. Түүний дэргэд уйтгарт автсан царайтай залуу хүү ямар ч дуу гаргахгүй бөгөөд огт байгалийн сайхныг харахгүй яваад байсанд залуу жүжигчин ихэд гайхан түүнийг хөгжөөх үүднээс өөрийгөө террорист хэмээн хэлсэн байна.
Хараахан нэр алдар нь өнөөгийн түвшинд хүрээгүй байсан залуу жүжигчинг өнөөх хүү таниагүй бөгөөд илүү лавлан асуутал Билл Муррай өөрийгөө арабын хэт үндсэрхэг үзэлтэй бөгөөд энэ усан онгоцыг өөртэйгөө хамт дэлбэлэх гэж энд ирсэн. Учир нь амьдрал дэндүү уйтгартай, хүмүүс амьдралаас алхам тутам тохиолдох сайхан зүйлсийг олж харахгүй боловч илүү сайхан зүйлсийг үргэлж мөрөөдсөөр байдаг хэмээжээ. Хүүгийн харц тэр дороо хувьсан өөрчлөгдөж эхлэхэд уг арга нь бүтэж байна хэмээн бодсон мань эр өөрийнхөө тээшинд тэсрэх бөмбөг хийчихсэн байгаа, одоо бүх юм дуусна тун удахгүй хэмээн хэлсэн байна.
Түүний яриаг сонссон хүү ариун цэврийн өрөө орно хэмээн босоод буцаж ирэхдээ онгоцны хамгаалалтын албаныхантай хамт иржээ. Бүр онгоц нь байгаа газраа зогсож түгшүүр зарлан зорчигчдыг аврах завинд суулгаж эхэлсэн аж. Билл Муррай өөрийгөө худлаа ярьсан, хүүг хөгжөөхийн тулд энэ бүхнийг хийсэн хэмээн хэлсэн боловч хамгаалалтын албаныхан түүнийг цүнхийг нэгжинэ гэсээр нэгжиж үзтэл дотроос нь марихуан гарч ирсэн байна. Түүний ургамлыг харсан даруй онгоцны багийнхан тэр чигтээ сэтгэл нь тайтгарч эргийн хамгаалалтыг дуудан түүнийг хууль бусаар мансууруулах бодис тээвэрлэсэн, хадгалсан гэх үндэслэлээр баривчилсан байна. Залуу жүжигчинд тухайн үед 20 мянган доллартай тэнцэхүйц хэмжээний өвс байсан юм.