1969 оны гуравдугаар сарын 2-ны шөнө Хятадын 300 цэрэг ЗХУ-ын мэдэлд байсан Даманы аралд нэвтэрсэн юм. Тэдэнд ЗХУ-ын талаас удаа дараа буцах шаардлага хүргүүлсэн боловч Хятад цэргүүд шаардлагыг үл тоон цааш явсаар байсан тул 10:32 цагт зөвлөлтийн 32 хилчин тэнд очжээ. Зөвлөлтийг заставын дарга, ахлах дэслэгч Иван Стрельников даргалж байжээ. Тэднийг зөвлөлтийн газар нутгаас гарах шаардлага тавихад шууд л буудаж хариу барьсан байна. Ахлах дэслэгч Стрельников, дагалдаж явсан цэргүүдийн хамт амь үрэгдэж зөвхөн ганцхан хүн л амьд гарчээ. Ийнхүү Даманы арлын зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн байна.
Удалгүй хөрш заставын дэслэгч бэлэн байсан 20 хилчин болон хуягт танктайгаа Хятадын цэргүүдийг зүг хөдөлсөн ч дахин ялагдал хүлээжээ. Хятадууд хүний тоогоор хэтэрхий олон байсны дээр зохион байгуулалттайгаар нэвтэрсэн байлаа. Энэ нь ЗХУ-ын хувьд Хятад улсын шууд өдөөн хатгалга мэт санагдав. Мөн оны 3-р сарын 20-ны өдөр Хятадууд хүч нэмэн улам давшиж эхэлсэн байна. Зөвлөлтийн танкны дивиз ирсэн боловч Хятадуудын танк эсэргүүцэгчдийн эсрэг юу ч хийж чадсангүй.
Ийм маягаар дайн явуулаад алс бөглүү нутагтаа Зөвлөлтийнхөн ялалт байгуулж чадахгүйгээ ойлгон ЗХУ-ын удирдлага өөрсдийн цоо шинэ зэвсэг болох “град” пуужинг ашиглах тушаал өгчээ. Даманы аралд Хятад цэргүүдийн байрлаж байсан зүг шинэ зэвсгээ харваж дуусаад Зөвлөлтийн явган цэргүүдийг очиход энд тэндгүй тасарч унасан Хятад цэргүүдийн гар хөл, толгой л тэднийг угтжээ. Амьд үлдсэнүүд нь хэдийнээ зугтсан аж. Уг сөргөлдөөнд зөвлөлт 48 хүнээ алдаж 94 хүн шархадсан бол Хятадын тал 800 гаруй хүнээ алдсан байна. Мөн энэ явдал нь “град” пуужинг дайнд ашигласан хамгийн анхны явдал болжээ. Энэ явдлаас хойш Хятадууд дахин ганц ч удаа Оросын газар нутагт халдаж зүрхлээгүй аж.