Москвагийн нэгэн сургуулийн сурагч хүү хичээлдээ ирэлгүй хэд хонолоо… Багшийнхаа зөвлөснөөр ангийнхан нь тэднийд очжээ. Хүүхдүүд “Лёва яагаад хичээлдээ ирэхгүй байгаа юм бэ?” гэхэд ээж нь “Хүү минь та нартай хамт сурч чадахгүй болсон. Нүдний хагалгаа нь амжилтгүй болж хараагүй болсон тул өөрөө хичээлдээ явах боломжгүй” гэж гунигтай хариулав. Хүүхдүүд бүгд чимээгүй болов. Гэтэл нэг нь:
– Бид ээлжлээд түүнийг сургуульд хүргэж чадна шүү дээ гэхэд бусад нь ч дэмжин
– Бас сургуулиас гэрт нь хүргэж…
– Хичээлээ хийхэд нь ч туслана гэцгээв. Тэгээд ангийнхан нь хичээлийг нь хэрхэн тайлбарлаж, яаж гэрээс нь сургуульд хүргэж буцааж аваачих тухайгаа ярилцжээ.
Хичээлийн үед Лёвагийн ард суудаг хүү самбарт бичиж байгаа бүхнийг аяархан хэлж өгдөг байсан бөгөөд түүнийг онц авахад өөрсдийн дүнгээс ч илүү бөөн баяр болцгоодог байлаа. Лёва сургуулиа алтан медальтай төгсөж их сургуульд элсэн орсон байна. Тэнд ч туслах найз нөхөд олон байжээ. Эцэст нь дэлхийд алдартай математикч, академич Понтрягин гэж дуудуулдаг болжээ.
Лёв Семёнович Понтрягин /1908 -1988/ – ЗХУ-ын математикч, 20-р зууны алдарт математикчдын нэг, ЗХУ-ын ШУА-ийн академич. Тэрээр 14 настайдаа хараагүй болсон ч математикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, түүний нэрээр нэрлэгдсэн онолууд, ялангуяа удирдлагын ухааны үндсүүдийн хөгжилд одоо ч маш их нөлөө үзүүлсэн хэвээр байгаа юм.