Тереза эх хэмээн алдаршсан гэлэнмаа нь 1950 онд Энэтхэгийн Калькутта хотын ядууст зориулан Хайрын гэр нэртэй асрамжийн газар байгуулжээ. Энд гуйлга гуйж амьдрахаас өөр аргагүй болсон ядуусыг хүлээн авч сувилдаг бөгөөд Тереза эх өөрийн ухамсарт амьдралыг ядуу тарчигтаа арга нь барагдсан өвчин, өлсгөлөнгөөр үхэж буй олон мянган Энэтхэгчүүдийн төлөө зориулсан учраас түүнийг 1979 онд Нобелийн энх тайвны шагналаар шагнасан байдаг.
Нэгэн удаа Калькутта хотын Хайрын гэр асрамжийн газрын элсэн чихэр дууссан тухай яриа гарчээ. Тухайн үед Энэтхэг даяар хямрал болж гадны байгууллагуудын тусламж түр зогссон тул элсэн чихэр олох ямар ч арга байсангүй. Гэтэл тэр орой хотод амьдардаг нэгэн хүү ээждээ “Ээжээ, би өнөөдрөөс эхлэн 3 хоног элсэн чихэр идэхгүй. Харин идээгүй элсэн чихрийг минь надад өгөөрэй гэжээ.” Гурван өдрийн дараа хэмнэсэн элсэн чихрээ өнөөхү хүү Хайрын гэр асрамжийн газар аваачиж өгсөн гэдэг.
Хожим Тереза эхээс нэгэн сэтгүүлч эмэгтэй хайр гэж юу бэ? хэмээн асуухад тэрээр Хайр гэдэг бол нэгэн хүүгийн асрамжийн газарт өгсөн 3 өдрийн элсэн чихэр юм гэж хариулжээ. Тереза гэлэнмаа хэцүү байдалд орох бүрдээ сайхан сэтгэлт хүүг санан санан сэтгэлээр уналгүй ядууст туслах ажлаа хийдэг байлаа. Тэрээр өөрийн бүхий л амьдралаа бусад хүмүүсийн төлөө зориулсаар 1997 оны 9-р сарын 5-ны өдөр хорвоог орхисон юм.