Энэ түүх бол АНУ-ыг үүсгэн байгуулагчдын гэгээн эцгүүдийн нэг, тусгаар тогтнолын тунхаг бичгийг өлгийдөн авагч, их гүрний 3 дахь ерөнхийлөгч асан Томас Жефферсонтой салшгүй холбоотой юм. 1743 оны 4-р сарын 13-ны өдөр хөдөө нутагт төрсөн энгийн нэгэн эр 1801-1809 оны хооронд өөрийн байгуулалцсан улсынхаа ерөнхийлөгчөөр ажиллан цагаан ордонд суусан түүхтэй. Тэрээр ардчилсан үзэл баримтлал болон эрх чөлөө, хүний эрхийн төлөө тууштай зүтгэгч нэгэн байсан гэдгийг хүн бүр мэдэх биз. Анх Виллиам болон Мэригийн коллежийг эрх зүйч мэргэжлээр төгсөж улс төрийн каррьерээ эхлүүлсэн жамтай.
Хэдий өндөр боловсролтой эр байсан ч угшил нь хөдөө нутгийн малчин тул хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг салбаруудад туйлын дуртай нэгэн байв. Түүнчлэн хүлэмжид олон төрлийн ногоо, тамхины навч зэрэг тарьдаг байсан бөгөөд ерөнхийлөгч болсон хойноо ч уг зуршлаа хаяалгүй цагаан ордныг ферм болгонгоо алдсан нэгэн. Тодруулбал ерөнхийлөгч болж цагаан ордон уруу нүүх үедээ бүхэл бүтэн сүрэг хонь буюу 40 цагаан хонь дагуулан тэднийг цагаан ордны хашаанд бэлчээдэг байжээ. Эдгээр хонинуудаа өөрийн хүнсний хэрэгцээндээ зориулж ноосоор нь хувцас хийлгэн өмсдөг байсан нь түүхэн сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байна. Эдгээр 40 хонины дунд ганц сондгой хонь байсан бөгөөд бусдаасаа их догшин авиртай дээр ганцаараа 4 эвэртэй байсан юм.
Нэгэн өдөр цагаан ордны хоньчин эр хүнс тэжээл өгөхөөр хашааг нь нээтэл бүх хонинууд өөдөөс нь уулгалан дайрч тэдний дунд 4 эвэртэй хонь таарсан бүх бүрийг мөргөн нэлээд олон хүн гэмтээж тэр дунд барилгын ажил дээр ажиллаж байсан залуугийн 7 настай бяцхан хүүг мөргөн хөнөөсөн байдаг. Мөн ерөнхийлөгчийн найз Анна Мариа Торнтон гэх хүн уг хонинд мөргүүлэн зургаан долоо хоногийн турш гэрээсээ гарч чадалгүй хэвтрийн дэглэм сахисан байна. Үүгээр барахгүй галзуурсан хонь өөр хэд хэдэн хонийг хөнөөгөөд цагаан ордонд ганц байсан лам гөрөөсийг ч цоо хатган алсан аж. Энэ бүхний эцэст ерөнхийлөгч тун их уурлан уг хонийг газар дээр нь хөнөөн махыг нь цагаан ордны өргөтгөл дээр ажиллаж байсан ажилчдад зооглуулсан гэдэг. Харин амиа алдсан хүүгийн ар гэрт хэчнээн хэмжээний нөхөн төлбөр олгосон тухай баримт огт байдаггүй байна.
Энэ бүх үйл явдлын дараа ч ерөнхийлөгч өөрийн хүслээс огт буцаагүй юм. Тэрээр бүр жижиг хэмжээний амьтны хүрээлэн цагаан ордонд байгуулж тэндээ арслан, муур, могой, төрөл бүрийн ноход, баавгай, усны үхэр зэргийг тэжээж байлаа. Өөр хэд хэдэн ерөнхийлөгч ордонд янз бүрийн амьтад тэжээж байсан боловч тэжээсэн амьтан нь хүний амь хөнөөсөн ганц тохиолдол Томас Жефферсоны үед л тохиосон байна.