За асуудал саяхан, энд, Америкад эхэлсэн билээ. 2005 онд Канзас мужийн Боловсролын газарт эцэг эх нараас нэгэн зарга ирсэн юм. Энэ нь, дунд сургуулийн хүүхдүүдийн биологийн хичээл дээр ертөнцийн үүсэл, хүний хөгжлийг Хувьсалын онолоор тайлбарлаж, ганц талыг барин заах нь буруу хэмээж. Тус эцэг эхүүдийн үзэж байгаагаар бол Хувьсалын онол бол зөвхөн онол, яг батлагдсан зүйл биш, тэхээр хүүхдүүдэд Бурхан бас ертөнцийг 7 хоногт бүтээн, Адам Ева гэх анхны хүмүүсийг урлаж, өнөөг хүртэл үржсэн хэмээх шашны онолыг давхар орох ёстой гэж. Маргаан шүүхэд хүрч, Канзас дүүргийн тойргийн шүүхээс 10 жилийн сурах бичигт Ертөнцийн Эзний Бүтээлийн онол, Дарвины Хувьсалын онол 2-г эн тэнцүү орох нь зүйтэй хэмээх шийд гарч. Эцэг эх, багш, сурагчид аль аль нь шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун үлдэж.
Гэтэл физикээр магистер хамгаалж байсан Боби гэх сэргэлэн залуу тус шүүхэд нээлттэй захиа бичсэнээр асуудал ээдрээтэй, инээдтэй болов. Учир мэдэх олон хүмүүс дээрхи шүүхийн шийдвэрийг чимээгүйхэн шоолж байсан нь тодорхой. Хүүхдүүд Адамын хавиргаар Еваг бүтээсэн гээд биологийн номноос уншихын хажууд манай Мүүнчид бол ёстой юу ч биш юм. Үүнийг ёжлон, егөөдөл маягаар бичсэн Бобигийн захиа алдаршиж, Канзас мужийн шүүх шийдээ эргэн харахад хүрч, улмаар гаргасан шийдээ цуцалж, хүүхдүүдэд одоо зөвхөн Хувьсалын онол ордог болсон билээ.
Түүний ёжилсон захиа нэг иймэрхүү. Эрхэм шүүгчээ, энэ хорвоо дэлхий, хүн төрөлхтөнийг үүсгэсэн тухай шашны онолыг хүүхдүүдэд заах гэж байгаад би хязгааргүй баяртай байна. Манай Нисдэг Гоймон Мангасын шашин өчигдөр мэндэлсэн, одоогоор ганцхан итгэгчтэй, тэр нь би юмаа. Гоймонгоор доош буудан, хөвөн нисэж байдаг мангас бол дэлхийг бүтээсэн гэж үздэг. Нэгэнт үндсэн хуулиараа бид хэн нэгнийг шашинаар нь гадуурхаж, аль нэг шашинг илүүд үзэх учиргүй тул миний энэ НГМШ дунд сургуулийн программд бас орох нь гарцаагүй болж байгаа тул би их баяртай байна, хэмээж. Хэрвээ шашин дунд сургуульд орох юм бол тэр нь заавал Хрисийн шашин байна гэсэн үг биш гэдгийг олонд ойлгуулж, хэрвээ тийм бол бүх шашинг оруулах нь зүйтэй гэдгийг ийнхүү ёж хэлбэрээр илэрхийлсэн уг захиа сүүлдээ утгаа алдаад, Бобитой ижил бодолтой нөхдүүд цуглаж санал бодлоо солилцдог, цуглааны хэлбэрт шилжив. Улмаар уг цуглаан тогтмолжиж, албан ёсоор өөрсдийгөө шашин хэмээн зарлаж, пастортой болж, сүм байгуулж, одоо Австрали, Шинэ Зиланд, Польш, Канад, Голландад салбартай олон нийтийн хөдөлгөөн болжээ. Сая, 4 сард анхны хурим албан ёсоор Нисдэг Гоймон Мангасын Сүм дээр бүртгүүлж, нэгэн хос шинэ гэр бүл болжээ.