1958 оны 2-р сарын эхээр Английн аврага Манчестер Юнайтед “Европын Аврагуудын цом”-ын шөвгийн наймд Белградын Црвена Звезда-тай тогложээ. Уг тоглолтонд Манчестер Юнайтед айлын талбайд сүүлийн тоглолтоо хийж, нийлбэр дүнгээр 5-4-ийн харьцаатай хожин дараагийн шатанд орох эрхээ өвөртлөн баяр хөөртэй нутаг буцаж байлаа. Тэд Белградаас 1958 оны 2-р сарын 6-нд British European Airways-ийн G-ALZU ’Lord Burghley’ онгоцоор ниссэн бөгөөд уг онгоц нь Мюнхений нисэх буудалд буун түлшээ дүүргэх ёстой байжээ. Гэтэл цаг агаар муудан онгоц газардахад маш осолтой болсон байв. Нисэгчид Мюнхений нисэх буудалд 2 удаа газардах гэж оролдсоны эцэст 3 дахь удаагаа буух оролдлого хийх үедээ байшин мөргөн осолджээ. Уг ослоор газар дээрээ 8 тоглогч болон хэд хэдэн сэтгүүлчид нас барсан бөгөөд 2 тоглогч нь гэмтлийн улмаас зодог тайлсан юм. Багийн дасгалжуулагч Мэтт Басби хүндээр гэмтэж улирлын үлдсэн хугацаанд түүнийг нөөц багийн дасгалжуулагч Жимми Мерфи оролсон байна.
Харин азаар 21 настай байсан Бобби Чарльтон хөнгөн гэмтэл авснаар цаашид түүхэнд нэрээ үлдээн Англичуудыг удирдан тоглож 1966 оны ДАШТ-нд түрүүлж, олон олон ялалтыг Манчестер Юнайтедэд авчирсан билээ. Гэхдээ хамгийн харамсалтай нь Англичуудын их итгэл найдварын оч болон гялалзагч асан Данзан Эдвардс 22 насандаа таалал төгссөн нь МЮ төдийгүй Англичуудын хувьд тохиолдсон хамгийн том уй гашуу, гарз хохирол болжээ. Хэрвээ уг осол болоогүй бол МЮ болон Английн шигшээгийн шагналын хур улам бүр нэмэгдэх байсан нь гарцаагүй. Шагнал урамшуулал ч яахав хамгийн гол нь цэл залуу олон сайхан залуус амь эрсдсэн нь харамсалтай. Энэхүү аймшигт ослын шарх МЮ-д мэдээж хүндээр тусч амжилтын нь саарлаа. Тэд тэр жилээ лигт түрүүлж чадаагүй бөгөөд Английн цомын финалд шалгарсан ч Болтонд 2-0-ээр хожигджээ. Басби 1959 онд ажилдаа эргэн орлоо. Тэрээр дахин хүчирхэг шинэ бага бүрдүүлэхийн тулд 5 жил хэрэгтэй байжээ.1962 оны зун “гоолын хаан” Дэннис Дав Юнайтедэд ирлээ. 1963 оны Английн цомын финалд тэд Лэйчистер багийг хожсоноор аймшигт ослын сорвийг бага ч гэсэн аниаж чадсан юм.
1963 оны намар Манчестер Юнайтедийн түүхэн дэхь хамгийн аугаа тоглогчдын нэг болох Жорж Бест анхныхаа тоглолтыг хийсэн байна. 1964 оны улирлыг лигтээ 2-р байранд орон дуусгасан бол 1965 онд Манчестер Юнайтед дахин нэгдүгээр лигийн авраг болох учиртай байжээ. Энэ үед алдарт од Бобби Чарльтон, Дэннис Лав, авьяаслаг залуу од Жорж Бест нар нь Английн төдийгүй Евопын хамгийн эрч хүчтэй, шилдэг баг болсон төдийгүй тоглогч бүр нь улсын шигшээгийнхээ гол тоглогчид нь болсон байлаа. Улмаар тэд 1966-67 оны улиралд өөр ийн талбайдаа нэг ч хожигдолгүй лигтээ түрүүлсэн юм. Тэд амжилтын оргил өөд бүр улам мацсаар 1968 онд Европын цомын финалд хүрэн Уэмбли цэнгэлдэхэд Португалийн хүчирхэг Бенфикаг 4-1ээр бут ниргэн анх удаагаа Европын шилдэг баг хэмээх эрхэм алдрыг хүртжээ. Энэ нь Англидаа ч мөн анхдагч үзүүлэлт болсон байна.
1969 онд олон жилийн ялгуусан амжилтуудаа багтаа үлдээн Басби гавьяаны амралтандаа гарчээ. Ингээд МЮ-ийн амжилт ч буурч хоёр дахь уналтын үе нь эхэлсэн байна. Томми Догерти, Дэйв Секстон, Рон Аткинсон зэрэг олон менежерүүдийг дамжив. Тэд 1974 онд 2-р лигрүү унаж 1975 онд буцаж өгсөн 1976 онд нэгдүгээр лигт 3-р байранд орсон гэх орон гаран амжилтыг үзүүлсээр байв.Гэхдээ л тэд 1977 онд тухайн цагийн хүчирхэг Ливерпүүлийг 2-1-ээр хожин Английн цомыг хүртэж байжээ. 1981 оны 10-р сард “гайхамшигт ахлагч” Брайн Робсон МЮ-д ирснээр 1983 онд Бритоныг 4-0, 1985 онд Эвертоныг 1-0-ээр хожин Английн цомыг хүртэн цомын буухиагаа үргэлжлүүлсээр байжээ.