1978 оны 10-р сарын 21-ны өглөөний зургаан цаг болж байв. Австрали тивийн хувьд магадгүй хамгийн сайхан сар байж ч болох юм. Тэнгэр цэлмэг тунгалаг байсан бөгөөд урьдын адил Frederick Valentich гэх залуу тэнгэрт эргүүлийн нислэг хийхээр Melbourne-ны нисэх буудлаас хөөрлөө. Түүний маршрут Австралийн их газраас Тасманы арал хүрээд тойруу замаар буцаж Мелбурн орох байлаа. Гэтэл Мелбурны агаарын хяналтын төвд Frederick Valentich-ын түгшсэн хоолой сонсогдох нь тэр. Тэрээр 4500 фийт буюу 1371 метрийн өндөрт нисэж буйгаа илтгээд түүний араас ямар нэгэн үл мэдэгдэх нисдэг биет дагаж байгааг дуулгав.
Мелбурны агаарын хяналтын төв тухайн өдрийн бүх маршрут болон радарыг шалгаж үзсэн ч ямар ч онгоц тэр замаар явах ёсгүйгээс гадна ямар ч онгоц радарт илрэхгүй байлаа. Удалгүй байдал улам бишдэх нь тэр. Өнөөх онгоц нь мань эрийн онгоцноос тавхан метр зайтай наалдан ирснээ гэнэт доор нь хэсэг хугацааны дараа дээр нь гарчихсан нисэж байгаа талаар илтгэв. Мелбурны агаарын хяналтын төвийнхөн Frederick Valentich-д өнөөх онгоцны жолоочтой радиогоор холбогдож юу хүсээд байгааг нь мэд гэх заавар өгөхөд мань эр өөдөөс нь “энэ бол онгоц биш, огтхон ч биш” хэмээн хариу хэлжээ.
Хэдхэн хормын дараа Frederick Valentich-н онгоцны нисэх эд анги ажиллахгүй байна гэсэн аймшигт мэдээ хэллээ. Удирдах төвийнхөн яах учраа олохгүй сандарч байтал гэнэт ямар нэгэн меттал төмөрүүдийг хооронд нь үрэх чанга чахарсан чимээ гараад бүх холбоо тасарсан байна. Энэ явдлын дараа Австралын онцгой байдлын газраас эрин хайх баг гаргаж хайсан боловч юу ч олдсонгүй. Тухайн цаг үед харь гаригийнхан бол барууны ертөнцийн ид сэдэв болоод байсан бөгөөд АНУ болон Европоос UFO судлаачид ирж хайгуул явуулсан ч мөн л юу ч олсонгүй.Түүнчлэн Frederick Valentich-ын радиогоор дамжуулсан бүх яриаг нь сонсоод үзвэл хүний толгойд харь гаригийнханаас өөр юу ч буух билээ дээ. Frederick Valentich зүгээр л хэзээ ч байгаагүй мэт ор сураггүй алга болох нь тэр.