Жүдит Полгар бол манай гаригийн бүх цаг үеийн хамгийн шилдэг эмэгтэй шатарчин гэж явдаг байна. Дөнгөж 12 настайдаа дэлхийн шилдэг 100 шатарчны нэг болсон бол 1991 онд буюу 15 настайдаа шатрын их мастеруудын тэмцээнд тэргүүн байр эзэлж байжээ. Түүний амжилтыг 26 жилийн турш хэн ч эвдээгүй тул дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн эмэгтэй шатарчин гэх байр сууриа хадгалсаар байгаа юм. Тэрээр өөрийн хамгийн сүүлчийн тоглолтоо 2014 онд хийсэн бөгөөд тухайн цаг үеэс хойш нэг ч тоглолт хийлгүй тэтгэвэртээ гарсан байна.
Полгар нь 1976 оны 7-р сарын 23-ны өдөр Унгарын нийслэл Будапешт хотноо еврей гэр бүлд мэндэлжээ. Тэрээр хоёр эгчтэй бөгөөд тэд цөм иргэний нисэхийн салбарт, инженерээр ажилладаг бөгөөд салбартаа мөн л суутнууд хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн юм. Учир нь тэдний эцэг Ласзло Полгар нь хүүхдийг бага наснаас нь аливаа нэг зүйлд мэргэшүүлбэл тухайн хүүхэд том болоод салбартаа суутан болно гэдэгт итгэдэг байжээ. Иймдээ ч өөрийн бага охиныг мэргэжлийн шатарчин болгосон байна.
Тухайн цаг үеийн дэлхий ертөнц өнөөгийнхтэй харьцуулахад эцгийн эрхт ёс харьсангүй хүчтэй байсан юм. Гэвч түүний эцэг гурван охинтой тул эмэгтэйчүүдийн эрхийг түлхүү хамгаалах феминист үзэлтэй хүн байлаа. Гэсэн ч шатар гэх их спортын хувьд эрчүүд үргэлж хамгийн шилдэг хэмээн дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг байсан бөгөөд үүний илэрхийлэл нь эмэгтэйчүүдийн дэлхийн аваргыг тусад нь зохиодог явдал байсан юм. Тэгсэн хэдий ч түүний эцэг өөрийн охиныг эрчүүдээс дутуугүй тоглоно хэмээн итгэж уг салбарт хөтлөн оруулсан түүхтэй.
1985 онд Унгар улсад болсон их мастеруудын тэмцээнд түүний төрсөн эгч Сүсан Полгар оролцохыг хүссэн боловч хүйсээр ялгаварлах үзлийн улмаас оролцож чадаагүй юм. Түүний эгч тухайн цаг үед мөн л зүүн европын шилдэг шатарчдын нэг байсан тул олон улсын шатрын холбоотой тэмцэлдэхийн тулд эмэгтэйчүүдийн их мастерын тэмцээнд орохоос татгалзаж байсан байна.
Сонирхолтой нь Жүдит Полгар эгч нараасаа илүү гэдэг нь бүр эрт цагаас харагдаж эхэлжээ. Тэрээр дөнгөж 5 настай байхдаа гэр бүлийн гишүүд хийгээд найз нөхөд гэх мэт бүх хүнийг маш хялбархан хождог байв. Нэгэн удаа тэрээр өөрийн найзыг 40 секундэд хожсон тул хүүний найз Жүдитэд хандан “чи бол сайн шатарчин гарцаагүй мөн, гэхдээ би бол сайн тогооч шүү” хэмээн хошигнож байжээ. Улмаар Жүдит олон улсын мастер Долф Дримерийг 10 настайдаа үүнээс 1 жилийн дараа их мастер Лев Гутманыг хожиж байсан юм. Ийнхүү бяцхан охин эх оронд даяар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлсэн байдаг. Хожим түүнийг бүр ч илүү ирээдүй хүлээж байсан юм. Тэрээр хүн төрөлхтний түүхэнд цор ганцаар 11 шатрын их мастеруудыг ганцаараа хожсон байна. Тэдний дунд Магнус Карлсен, Анатоли Карпов, Гарри Каспаров, Владимер Крамник, Борис Спасски, Васили Смислов, Руслан Пономариов зэрэг дэлхийн шилдгүүд багтсан юм.