Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн он жилүүдэд Польш улсын хувь заяатай холбоотой нэгэн эмгэнэлтэй үйл явдал болсон байдаг. Өрнөл тун хачин жигтэй эхлэв. 1944 онд Германы зүүн фронт Оросын улаан армид бут цохигдон ухарч Польшийн нийслэл Варшав хот Германчуудын Польш дахь сүүлчийн бэхлэлт болов. Оросын улаан арми Польшийн хотуудыг ээлж дараалан чөлөөлж чөлөөлсөн хотуудаасаа эрчүүдийг нь цэрэг, нам төрийн ажилд дайчлан Польшийн ажилчин тариачны нам гэж байгуулав.
Өдөр хоног өнгөрөх тусам Улаан арми Варшавт улам бүр ойртсоор.
Хамгийн гол нь хоёр талаасаа хавчуулагдсан хөөрхий Польш улс энэ цаг үед өөрсдийн удирдлагагүй байсан гэвэл худлаа. Польшийн албан ёсны капиталист засгийн газар 1939 онд Их Британид дүрвэж амжсан бөгөөд тэндээсээ үйл ажиллагаагаа явуулсаар л байсан юм. Мөн болоогүй тэдний засгийн газар Варшав хотод 40 орчим мянган зэвсэглэсэн партизаны хүчирхэг армитай байлаа. Нуугдан амьдарч буй Варшав дахь ардчилсан засгийн газрын партизан цэргүүд радио сонсох бүрт Оросын улаан армын ялалтын мэдээ дуулдаж байгаа нь тэднийг тэсэхийн араггүй их баярлан хөөргөж байсан нь мэдээж.
Ингээд 1944 оны 8р сарын нэгэн өдөр Улаан арми Варшав хотоос 20хон км зайнд ирэв.
Омогшиж тэвдсэн Варшавын 40 мянган партизан Их Британи дахь засгийн газрын шийдвэрээ үл тоон улаан армитай хамжин Германчуудыг хөөхөөр винтов буунаас өөр зэвсэггүй эрчүүд шийдэмгий тулалдаж эхэллээ. Гэтэл бүх зүйл орвонгоороо эргэх нь тэр. 20хон км-ын зайд байсан улаан арми гэнэт л дайралтаа зогсоож архиа уунгаа засгийн газрын партизанууд Германы арми хоёрын тулааныг кино театрт байгаа мэт тухтай нь аргагүй үзэж суух нь тэр. Балмагдсан партизанууд 2 сарын турш Варшавт тулалдсан бөгөөд техникийн дутуугаар арга буюу ялагдаж Польшийн албан ёсны ардчилсан засгийн газар Варшав дахь бүх цэргүүдээ алдахын зэрэгцээ өөрсдийн нөлөөгөө үгүй хийх нь тэр.
Яг энэ үед ЗХУ-ын улаан арми партизантай байлдаад туйлдсан Германчуудын эсрэг довтолж Варшав хотыг чөлөөллөө. Зөвлөлтийн марш цуваа Варшавын сүйрсэн гудамжаар орж ирэхдээ Польшийн ажилчин тариачны намын “алх ба хадуур” бүхий тугийг сүрлэгээр бадраасан коммунист Польш эрчүүдийг тэргүүн эгнээндээ алхуулав. Ямар ч эсэргүүцэлгүй, ямар ч ардчилсан партизаны үлдэгдэлгүй. Польш улс ЗХУ-ын мэдэлд бүрэн шилжсэн түүх бол ердөө л энэ. Улаан армид партизануудтай хамжин Германчуудыг устгах боломж байсан боловч тэд Германчуудаар ардчилсан үзэлтнүүдийг бүгдийг нь устгуулаад ямар ч эсэргүүцэлгүйгээр Польш оронд коммунизмыг байгуулж чадсан юм. 1945 оны 8 сарын 16-ны өдөр Сталин АНУ, Их Британи хоёрыг хүчээр Польшийн коммунизмыг зөвшөөрүүлж чадсан байдаг. Харин Польшийн албан ёсны засгийн газрын гишүүд чөлөөлөгдсөн эх орноо удирдахаар Варшавт очиход тэднийг бүгдийг нь баривчлан хэлмэгдүүлсэн түүхтэй. Энэ явдал нь Их Британы ерөнхий сайд асан Черчиллийг уурыг тэсэхийн аргагүй хүргэж байсан гэдэг.