Уг гэмт хэрэг 2017 оны 4-р сарын 25-ны өдөр АНУ-ын Алабама мужид болсон байна. Эрэгтэй болон эмэгтэй хоёр найз гэмт хэрэг хийхээр төлөвлөж АНУ-ын GPS үйлдвэрлэлийн томоохон компани болох “Roambee” компанийг судалж эхэлжээ. Эмэгтэй нь уг компанид ажиллаж байсан бөгөөд хамгийн үнэтэй GPS нь 1000 долларын үнэтэй тул үүнийг хулгайлаад 800 доллараар зах зээлд зарахад хангалттай хэмжээний мөнгө босгож чадна хэмээн найзыгаа уруу татсан аж. Түүнчлэн тэрээр яг хэдэн цагийн үед уг GPS-үүд ямар ч камер болон харуулгүй газарт байх зэрэг бүх зүйлийг маш нарийн мэдэж байжээ. Ийнхүү сайтар төлөвлөсний эцэст 2017.04.25-ны шөнө уг компаны агуулахын хойд хаалгаар нууцаар нэвтрэн хамгийн сүүлийн үеийн тус бүр нь 1000 долларын үнэтэй 18 GPS-ыг тэд амжилттай хулгайлж чадсан байна. Тэд ямар ч хяналтын камер болон хэний ч хараанд өртөөгүй аж.
Хоёр хулгайч хулгай хийсэн дариуйдаа өөрсдийн хотын захад орших байшингийн грашд уг байршил илрүүлэгчүүдээ сайтар нууж дарсан байна. Тэд ажиллагаа амжилттай болсонд баярлан шар айраг уун гэртээ алжаалаа тайлан сууж байхад гэнэт хаалга нь эвдэрч тусгайгийн албан хаагчид гэрт нь зэвсэглэн нэвтэрч оржээ. Уг баривчлах ажиллагаа хулгай болсноос яг нэг цагийн дараа болсон юм. Хулгайчдыг баривчлан шууд л орон нутгийн цагдаагийн газарт аваачин байцаалт авч эхэлсэн байна. Тэд ч хэргээ хүлээж тус бүр 3 жилийн хорих ял аван холбооны засан хүмүүжүүлэх ангид хүргэгдсэн байдаг. Хамгийн сонирхолтой нь шүүх хурлын үеэр тэднийг шүүж байсан шүүгч инээдээ дийлэлгүй хурлын танхимд инээсэн юм.
Учир нь “Roambee” компаны удирдлага GPS алга болсныг мэдсэн даруйдаа цагдаа дуудан улмаар байршил илрүүлэх системийг ажиллуулан өөрсдийн алдагдсан GPS яг хаана байгааг тэр дор нь илрүүлсэн байна. Шүүгч нь хурлын танхимд тэдэнд хандан “та бүхэн GPS хулгайлж байхдаа өөрсдийн чинь байрлалыг илрүүлнэ гэж санаагүй юу?” хэмээн гайхаж асуусан байдаг. Хамгийн хачирхалтай нь хоёр хулгайч хэдий төгс төлөвлөгөө боловсруулсан боловч энэ талаар огт санаагүй аж. Хэтэрхий их сэтгэл хөдлөл тэднийг гурван жил эрх чөлөөгөө хасуулахад хүргэсэн байна.