АНУ Хавай арлыг 1959 онд өөрийн улсын 50 дахь муж болгохоос өмнө тус арал нь өөрийн гэсэн засгийн газартай Хавайн хаант улс хэмээх нэртэй бүрэн эрхэт, тусгаар тогтносон улс байлаа. 19-р зууны сүүл үе гэхэд АНУ болон бусад хэд хэдэн улсуудад тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлээд байсан аж. Харин тус хаант улсын түүх нь 1795 онд Хавайн үндсэн арлын омгийн захирагч бусад арлуудаа эзлэх өргөн хэмжээний байлдааны ажиллагаа явуулснаар нэгдсэн Хавайн хаант улсыг байгуулсан түүхтэй.
1795 оноос хойш туг улсыг Камехамехагийн эзэнт гүрэн хэмээн нэрлэж байсан ч 1872 онд эзэн хаан V Камехамела нас барснаар уг хаант улсын төгсгөл ирсэн гэж хэлж болно. Учир нь тухайн цаг үетэй зэрэгцэн үндсэн хуульт улс болсон бөгөөд эзэн хаанаа ард түмний санал асуулгаар сонгох тогтолцоонд шилжсэн байна. Анхны эзэн хааны сонгуульд Дэвид Калакао хэмээх тус улсын олон нийттэй харилцах газрын дарга нэр дэвшсэн бол түүний эсрэг V Камехамеха-ын үеэл дүү болох Виллиам Чарлес Луналило тус тус нэр дэвшсэн байна.
Харамсалтай нь Луналилогийн хувьд хааны удмын хүн уг улсыг удирдах ёстой хэмээн өөрийн эрх мэдлийг ашиглан цэргийн хүчээр хаан ширээг булааж ямар ч сонгууль явуулалгүй өөрөө хаан болсон байна. Гэвч түүний хаанчлал ердөө хоёр жил л үргэлжилсэн юм. Луналило 1874 онд өвчний улмаас нас барсан тул үүний дараа л жинхэнэ ардчилсан сонгууль явагдах боломжтой болжээ. Уг сонгуульд анхлан нэр дэвшихээ мэдэгдэж байсан Дэвид Калакао өрсөлдсөн бол түүний эсрэг Луналилогийн бэлэвсэн эхнэр болох хатан Доугар Эмма өрсөлдсөн ч ард түмний хүчтэй дэмжлэгээр Дэвид Калакао сонгуульд ялалт байгуулан эзэн хаан болсон байдаг.
Калакао эзэн хаан болсноор ядарч туйлдсан улсын эдийн засгийг сэргээх том хариуцлага оноогдсон юм. Тэрээр хамгийн эхэнд хөрш орон болох АНУ-тай 1875 онд худалдааны тэнцлийн гэрээ байгуулсан байна. Мөн цэрэг зэвсгийн хувьд нэгнээ харилцан хамгаалах гэрээ байгуулсан нь Хавайн хаант улсын аюулгүй байдлыг бүрэн батлан даасан асуудал болжээ. Тэрээр үндэсний ёс уламжлалаа сайтар хадгалахыг үүрэгдсэн боловч Христын сүмүүдийг олноор нь байгуулж уугуул иргэдийг Христын шашинтай болгож байлаа. Түүний үзэл баримтлалын хамгийн гол зүйл бол бүх төрлийн уламжлалт урлаг байсан юм. Гагцхүү урлагаа маш сайн хэмжээнд хөгжүүлж чадсан тохиолдолд аялал жуулчлал тус улсад хөгжиж асар их хэмжээний мөнгө олно гэдэгт итгэдэг байсан хэрэг.
Гэвч тэрээр сайны хажуугаар саар зүйлс ч олон хийж байсан юм. Тус улсын арал дээр байх цор ганц хар тамхины ургацын талбайг Аки гэдэг хүнд 71 мянган доллараар зарж хар тамхины наймааг дэмжин хувьдаа их хэмжээний мөнгө олдог байсан тухай түүхэнд баримтжуулан үлдсэн байна. Тэрээр хар тамхиа Канад, Их Британи зэрэг орнуудад худалдаалдаг байжээ. Уг нь хар тамхины эсрэг гэрээнд гарын үсэг зурсан байсан ч тэрээр бүх зүйлийг нууцаар хийдэг байв.
1887 он гэхэд хаан Калакао АНУ-тай цэрэг армийн шинэчилсэн гэрээ байгуулсан тул Хавайн хаант улсын цэргүүд хамгийн сүүлийн үеийн зэвсэглэлээр бүрэн тоноглогдсон байна. Харамсалтай нь Хавай арлын армийн удирдлага өөрсдийн хүчиндээ хэт бардан эзэн хааны эрх мэдлийг хязгаарлах алхам хийж эхэлсэн байдаг. Ард түмэн ч Хавай арлын армийн талд илүүтэй байгаа нь харагдаж байлаа. Удалгүй эзэн хаан Калакао өөрийг нь хөнөөж магадгүй хэмээн айж хуулийн дагуу армид нэлээдгүй эрх мэдлийг шилжүүлсэн байна. Ийнхүү эзэн хаан үндсэндээ ямар ч эрх мэдэлгүй болсон хэрэг. Тэрээр ердөө бэлэг тэмдэг төдий болсон бөгөөд давхар өөрийн аюулгүй байдлыг бодолцон цаашид эх орондоо амьдрах сонирхолгүй болж АНУ-ын Калифорни мужид амьдарч байгаад 1891 оны 2-р сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан байна.