АНУ-ын Балтимор дахь Жонс Хопкинсын эмнэлэг бол тус улсын хамгийн сайн эмнэлгүүдийн нэг юм. Хэд хэдэн эдгэшгүй өвчнүүдийн туршилтыг гагцхүү тус эмнэлэгт хийж амжилт олсноор олон хүмүүсийн амийг аварсан байдаг. 1950 оны үед тус эмнэлэг муж, цаашлаад улсын хэмжээнд хамгийн чухал газруудын нэг болох нь тэр. Учир нь тухайн үед өнгөт арьс иргэд эрүүл мэндийн тусламж авахыг хүсвэл гагцхүү уг эмнэлэг уруу л зүглэхээс өөр сонголт байдаггүй байжээ. 1951 оны 2-р сард Хэнрита Лакс гэх бүсгүй тус эмнэлгийн зорин иржээ. Тэрээр усанд орж байх үедээ сарын тэмдэг нь ирээгүй байсан ч их хэмжээгээр үтрээнээс цус алдаж байгаа гэх оноштой ирсэн байдаг.
Лакс нь Виржиниа мужаас ирсэн 31 настай өнгөт арьстай эмэгтэй байлаа. Тэрээр өөрийн нөхрийн хамт олон зуун жил өвөг дээдсийнхээ ажиллаж ирсэн тамхины талбайг орхин дайны үед шинэ амьдрал зохиохоор Балтиморт ирсэн аж. Тэд хамтдаа 5 хүүхэд төрүүлсэн бөгөөд хамгийн бага хүү Жоеийг төрүүлсний дараагаас үл мэдэгдэх шалтгаанаар цус алдаж эхэлжээ. Түүнд шинжилгээ хийж байсан эмэгтэйчүүдийн эмч Ховард бүсгүйн умайн хүзүү маш өвөрмөцөөр өсөж байгааг олж илрүүлсэн байдаг. Ховард эмч бүсгүйн умайн хүзүүнээс эсийн дээж аван тусгай лаборатори уруу илгээсэн бөгөөд хэдэн өдрийн дараа хорт хавдар гэх аймшигт хариу ирсэн байна. Тухайн үед хорт хавдрын эмчилгээ одооныхтой харьцуулах аргагүй байсан бөгөөд бүсгүйн умайнд тойрог хэлбэртэй капсул оруулан тавьжээ. Энэ нь тухайн цаг үедээ хамгийн сайн эмчилгээнд тооцогддоог байв.
Лакс бүсгүй эмчилгээ хийлгэхийн тулд тогтмол эмнэлэг явдаг байсан бөгөөд үүнийгээ гэр бүлээсээ ч нуусан байна. Гэвч цаг хугацаа өнгөрөх бүрт түүний өвчин улам хүндэрч эхэлсэн бөгөөд өвдөж ёолох аймшигтай тарчилаанаа гэрийнхнээсээ ч нуух аргагүй болжээ. Түүнд эмчилгээ хийж байсан эмч вирусийн эмч Гей бүсгүйн шинжилгээг шалгаж байхдаа нэгэн гайхалтай зүйлийг ажигласан байна. Түүний цусны цагаан эсүүд энгийн хүнийхээс гайхамшигтай хурдтайгаар нөхөн төлжин үржиж байлаа. Гэвч хавдрын эсүүд хэдийнээ хяналтаа алдсан тул хэтэрхий хурдтайгаар өссөөр байв. Бүсгүй анх эмнэлэгт хандсанаас хойш 7 сарын дараа нас баржээ.
Хэдийгээр Лакс бүсгүй нас барсан боловч түүний эсүүд шинжлэх ухааны ертөнцөд гайхалтай өөрчлөлт авчирсан байна. Уг эсийг эмч нар “Хела” хэмээн нэрлэсэн бөгөөд үүгээр дамжуулах хорт хавдрын эс хэрхэн өсдөг, тэднийг хэрхэн устгах болон хүний генийн олон нууцлаг зүйлсийг мэдэх боломжтой болжээ. Судалгааны эмч Гей уг дээжийг АНУ-ын өнцөг булан бүрт байгаа маш олон эрдэмтэн судлаачид уруу илгээсэн бөгөөд тэдний нэг нь Жонас Салк байлаа. Тэрээр хорт хавдрын эсрэг анхны вакциныг уг дээжээс гаргаж чадсан нэгэн юм. Лакс бүсгүйн цусны эс АНУ даяар анагаахын шинжлэх ухаанд хувьсал хийсэн тухай тэдний гэр бүлийнхэн 1970 оныг хүртэл огт мэдээгүй юм. Бүхэл бүтэн 30 жилийн дараа тэдний гэр бүлд нэгэн дуудлага ирсэн бөгөөд АНУ-ын эрүүл мэндийн яамнаас бүх үнэнийг хэлж тэднийг цусаа өгөхийг гуйсан байна. Тэдний гэр бүлийнхэн Лаксын цусны эсийг өөрийнх нь болон гэр бүлийнх нь зөвшөөрөлгүй авч ашигласанд туйлын бухимдаж байлаа. Бүр Лаксын хамаатнууд хүртэл хөөрхий бүсгүйг ашиглан засгийн газар, эмийн компаниуд олон тэрбумыг олсон хэмээн дургуйсан байна.
Лаксыг анх Жонс Хопкинсын эмнэлэгт очиж байх тэртээх 1950 оны үед АНУ-д жилд дунджаар 15,000 эмэгтэйчүүд хорт хавдрын улмаас амиа алддаг байлаа. Эмч нар энэ үед өвчтөнөө л гол нь анхаардаг байсан бол Лаксыг олсноос хойш 30 жилийн байр нь солигдож эмч нар анагаахын шинжлэх ухааныг түлхүү судалж зарим тохиолдолд өвчтөнүүдээ бүр мартдаг болсон байв. Түүний цусыг хэдийгээр зөвшөөрөлгүй авсан боловч дэлхий даяар олон сая хүмүүсийн амийг аварсан гавьяаг гагцхүү Лакс л байгуулсан юм. 2017 онд HBO суваг уг бүсгүйн түүхээр кино хийхээр болсноо зарлаж байсан юм.