Түүнийг Жон Францис гэх бөгөөд 1946 онд АНУ-ын Филадельфи мужид Африк гаралтай цагаач гэр бүлийн бага хүү болон мэндэлжээ. Тэрээр ямар ч сургуульд сурч боловсрол эзэмшээгүй тул хөдөө орон нутагт томоохон уул уурхай, газрын тосны компаниудын нөхөн сэргээлтийн албанд ажилладаг байв. 1971 онд түүнийг стандарт ойл компанид ажиллаж байхад аварга том хэмжээтэй газрын тосны хоёр машин хоорондоо мөргөлдөж аймшигтай дэлбэрэлт үүсэн олон хүн амиа алдсан байна. Уг явдлын дараа тэрээр хамт ажиллаж байсан найздаа хандан өөрийгөө дахин хэзээ ч машинд суухгүй хэмээн амласан аж. Хамгийн сонирхолтой нь тэрээр хэлсэн үгэндээ хүрч 1972-1994 он хүртэл 22 жилийн турш огт машинд суугаагүй юм.
1971 оны аймшигт ослоос хэдхэн сарын дараа буюу 1972 онд түүний дахиж хэзээ ч машинд суухгүй гэж амлаж байсан найз нь гэнэтийн ослоор нас баржээ. Энэ нь түүнийг хэлсэн амандаа хүрэхэд хүргэсэн байдаг. Мөн Жон Францис тухайн үед ажлаасаа гарч өөрийгөө буруу талд ажлаад байгаа тухай сайтар эргэцүүлсний эцэст амьдралын мөн чанарыг танихаар шийдэн хэнтэй ч юу ч ярихгүй байхаар хатуу шийджээ. Тэрээр 1983 онд өөрийн ээжтэйгээ утсаар ярих хэрэг гарсан тул 3 минут юм ярьсныг эс тооцвол 1973-1990 оны хооронд хэнтэй ч юу ч яриагүй юм. Түүнийг танихгүй хүмүүс хэлгүй хүн гэж боддог байсан боловч хүсвэл тэр ярьж чадахаар байлаа. Жон Францис тухайн үед зөвхөн үзэг цааш ашиглан нийгмийн харилцаанд ордог байв.
Тэрээр бүхэл бүтэн 17 жилийн турш юм ярихгүй байх хугацаандаа таньж мэддэг хүмүүсээсээ цөм холбоогоо таслан ор сураггүй болсон юм. Гэвч 1990 онд буцаж гарч ирсэн бөгөөд тэрээр энэ бүх хугацаанд 3 их сургууль төгсөж Висконсин-Мадисоны их сургуульд байгаль орчин, газар төлөвлөлтийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байв. Мань эр энэ бүх хугацаанд огт яриагүйгээс гадна ямар ч тээврийн хэрэгсэлд суугаагүй тул мужуудаас мужуудын хооронд зөвхөн алхаж явсаар энэ бүх цаг хугацааг туулжээ. 1990 онд санамсаргүй байдлаар машинд мөргүүлсэн тул түргэн тусламж ирж авах гэхэд тэрээр машинд нь суулгүй эмнэлэг уруу өөрөө доголсоор алхаж очсон нь хачирхалтай. Гэвч уг ослын дараанаас тэр ярьж эхэлсэн бөгөөд 1994 онд буцаж автомашинд суудаг болжээ.