Нацистуудын зарим нь хэтэрхий дэндүү яргачид байсан гэдэгтэй хэн ч санал зөрөлдөхгүй биз. Зөвхөн Гитлерын шууд удирдлага дор гэхэд олон зуун мянган еврей хүмүүсийг олзолж, устгаж, доромжилсон явдал нь энэ бүхний хамгийн том баталгаа болох мэт. Тэгвэл бодит байдал дээр Гитлераас ч илүү аймшигтай яргачид Германы армын бүрэлдэхүүнд байлаа. Үүнийг сонсоод танд хамгийн түрүүнд Жосеф Менгел, Жосеф Геббелс, Адольф Ихман зэрэг хүмүүс бодогдсон байж магадгүй. Гэвч энэ удаа Германы армын хамгийн садист этгээд болох Оскар Дирлевангерийн тухай өгүүлэх юм. Тэрээр хүүхэд шахуу байхдаа Пруссийн хаант улсын эх газрын армид элсэж хожим Германчууд Бельгийг эзлэх үед албан тушаал нь хурдацтайгаар өссөн байдаг. Түүний тухай дэлхийн хоёрдугаар дайн эхлэхээс өмнө Германы цагдаагийн газрын тэмдэглэлд хэд хэдэн баримтууд байдаг аж. Тэнд Оскарыг сэтгэцийн эмгэгтэй байж магадгүй, архинд хэт донтсон, өөрийгөө хянах чадваргүй бөгөөд нацист намд элсэх болдолтой хэмээн бичсэн байна.
Харин Гитлер төрийн эрхийг барихаас өмнөхөн түүнд юу ч хийж чадах хэрцгий бөгөөд тэнэг хүмүүс хэрэгтэй байсан тул түүний цагдаагийн газрын тодорхойлолтыг үл харгалзан нацист намдаа авсан байдаг. Тэрээр нацист намд элссэний дараа докторын зэрэг хамгаалсан бөгөөд тухайн үед баяраа тэмдэглэх нэрийн дор 14 настай охиныг хүчинджээ. Уг хэргийнхээ төлөө тэр 2 жил шоронд суусан боловч түүний солиорлыг шорон эдгээж чадаагүй юм. Тэрээр шоронгоос гараад хэсэг хугацаанд нийгмээс тусгаарлагдан ажилгүй байсан ч дэлхийн 1-р дайнд хамт тулалдаж явсан нэг нөхөр нь түүнийг СС-д офицероор оруулж тус болсон байна. СС-ын офицер болсны дараа түүнийг Польш уруу хуваарилсан бөгөөд тэнд ихэвчлэн хоригдох лагерьт ажилладаг байлаа.
Польшид очсон сэтгэцийн өвчтэй эр тэнд жинхэнэ утгаараа дураараа дургих боловч. Тэрээр хөдөө тосгонуудаар явж тосгоны иргэдийг дарамтлан хүчээр боолын хөдөлмөр хийлгэдэг байв. Мөн хүссэн бүхнийг нь хийхгүй бол хорих лагерьт хорино гэж айлгах болов. Сүүлдээ бүр тосгоноос хүүхдүүд барьцаалан гэр бүлээс нь мөнгө нэхдэг ажил эрхэлдэг болох нь тэр. Уг эр цэргийн албыг жинхэнэ утгаараа хувийн бизнес болон харгислал болгон ашигласан гэж хэлж болно. Харин хорих лагерьт өөрийн удирдлага доор буй цэргүүдээрээ дамжуулан хүүхэд, эмэгтэйчүүдэд олон төрлийн хорт бодис тарьж хэрхэн үхэж байгааг нь харж таашаал авч суудаг байсан аж. Заримдаа түүний удирдлага дор байсан цэргүүд шөнө дунд уйлдаг байсан гэх. Үүний нотолгоо нь хэн ч түүний дор удаан байхыг хүсдэггүй байсан бөгөөд цэргүүд түүний доор аймшигт яргалал үйлдэж байснаас зүүн фронтод Оросуудтай өвөл байлдахыг илүүд үздэг байлаа.
Орос гаралтай Польш иргэдийг амьдаар нь модонд хүлж шатаадаг байсан бол заримдаа хөл гарыг нь гэмтээж улмаар өлсгөлөн нохойнуудтай нэг торонд хийж амьдаар нь идүүлдэг байв. Дайн дуусахын өмнөхөн Варшав хотод бослого гарах үед тэрээр цэргүүдээ хотод оруулан 40,000 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдийг устгаж, хүчирхийлж харгислал үйлдсэн байна. Үүнийх нь хариуд Гитлер түүнийг төмөр загалмай одонгоо шагнажээ. Уг нь төмөр загалмай одон нь эр зоригтой дайчин хүнд л өгдөг одон аж.
Гэвч дайнд Герман улс ялагдсан тул Гитлерийг амиа алдсанаас 1 сарын дараа буюу 1945 оны 6-р сарын 1-ны өдөр түүнийг нуугдаж байхад нь олж баривчилсан байна. Түүнийг шүүх хурал нь болтол Францын хил дээр орших шоронд түр саатуулж байсан боловч 5 хоногийн дараа байгалын жамаараа нас барсан гэх мэдээ иржээ.Үнэн хэрэгтээ түүнийг тус шоронгийн Франц харгалзагчид зодон алсан байсныг хожим илрүүлсэн байна. Харин уг үйлдлийнхээ төлөө ганц ч харгалзагч ял үүрээгүй юм.