Стэнфорд хотын энгийн нэгэн ядуу айлд төрж өссөн Девин Гэйнс гэх хүүг 10 настай байхад нь суутан гэдгийг нь ойрын хүмүүс нь мэдэх болжээ. Тэрээр 1984 оны 6-р сарын 16-ны өдөр төрсөн бөгөөд 1993 онд түүнийг 9 настай байхад нь эцэг нь нас барж ээжтэйгээ хоёулханаа туйлын тарчигхан амьдрах болсон юм. Бяцхан хүүд их сургуульд орох мөнгө байхгүй гэдгийг эртнээс ухамсарласан тул сурлагадаа хичээж сургуулийнхаа хамгийн шилдэг сурагчаар төгссөн тул Коннектикут мужийн их сургууль түүнд инженерээр сурах урилга илгээсэн байна.
2002 оны 9-р сард тэрээр их сургуульд орж суралцан 2007 оны 5-р сард төгссөн байдаг. Гэвч төгсөхдөө инженер мэргэжлээс гадна эрх зүй, эдийн засаг, тайзны жүжигчин, сэтгэл судлал зэрэг 5 мэргэжлийн бакалаврын дипломтой төгсжээ. Хүүгийн уг үйлдлийг сургуулийн захиргаа төдийгөө тус улсын боловсролын салбарынхан хүртэл гайхширч өндрөөр үнэлсэн тул Нью Йоркийн их сургууль хүссэн мэргэжлээрээ магистрт үнэ төлбөргүй суралцах эрхийг түүнд өгчээ. Харин тэрээр мэдээллийн технологийн аюулгүй байдлын чиглэлийг сонгон суралцах шийдвэр гарч сургуультайгаа гэрээ байгуулаад байсан юм.
Хичээл нь 9 сард эхлэх байсан тул их ажлын ард гарсан залуухан хөвгүүн өөрийн найзуудтайгаа хотоос гарч голын эрэг дээр амрахаар явжээ. Залуус бүгд усанд шумбан хөгжилдөж байтал гэнэт Гэйнс сураггүй алга болсон байна. Гэвч нэг их удалгүй түүний цогцсыг тэднээс 400 орчим метрийн зайд салхилж байсан гэр бүл олжээ. Суут эр ямар ч гадны нөлөөгүй нас барсан гэдэг нь батлагдсан бөгөөд түүнийг сэлж чаддаггүй байсныг бүх хүмүүс мэддэг байсан юм. Ийм харамсалтай явдал тохиолдсон тул түүний анхны сургууль болох Коннектикут мужийн их сургууль тухайн цагаас хойш Гейнсийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор түүний нэртэй тэтгэлэг зарлах болжээ.