Гитлер нь Югослав улс уруу 1941 оны 4-р сарын 6-ны өдөр хоёр үндсэн шалтгааны улмаас дайрсан байдаг. Эхний шалтгаан нь бол өөрийн эзэлсэн Балканы орнуудын аюулгүй байдлыг хангахын тулд байсан бол хамгийн гол шалтгаан нь ЗХУ-уруу зүүн фронтоор өргөн хэмжээний байлдааны ажиллагаа явуулахын тулд тус улсыг зайлшгүй богино хугацаанд эзлэх ёстой байв. Иймд Барбаросса ажиллагаа нь Герман Югослав улс уруу дайрснаар эхэлсэн гэж хэлж болох. Учир нь тухайн армиуд бүгд цааш Оросын уудам тал уруу давшилтаа үргэлжлүүлсэн юм.
Хэдийгээр Германчууд тус улсад хяналтаа тогтоосон боловч тэд хотууд болон бүх замуудыг хянахаас биш ой мод, өндөр уулуудыг тэр бүр хянаад байж чадахгүй байлаа. Тухайн үед уул болон ой модонд бүгсэн хоёр нууц бүлэглэл байсан бөгөөд тэднийг “четкинс” “партизан” хэмээн хоёр хувааж байв. Четкинс нь тус улсын Германчуудад эзлэгдсэн хууль ёсны засгийн газрын арми бөгөөд Югославын армийн удирдагч Драголжуб Михайлович удирдаж байв. Харин партизануудыг Жосеф Броз удирдаж байсан юм. Тэдний гол ялгаа нь партизанууд нь улаан коммунист үзэлтнүүд байсан бол четкинсчүүд нь демократууд байлаа.
1941 оны 12-р сард бяцхан охин Лепа Радик өөрийн хүсэлтээр партизануудтай нэгдсэн байна. Охин маш хол замыг ганцаараа туулж эх зорилго нэгтнүүдтэйгээ нэгджээ. Учир нь түүний эцэг эх хоёул коммунистууд байсан бөгөөд хоёр ах нь ч мөн коммунист хүмүүжлээр хүмүүжсэн байна. Тэд ч мөн хожим партизануудын бүлэглэлд элссэн байдаг. 1942 оны 2-р сард охины гэр бүлийг нацистууд партизануудын талд ажилладаг хэмээн баривчилсан боловч тээвэрлэх замд нь партизануудын арми дайрч тэднийг бүрэн чөлөөлсөн байна. Чөлөөлөгдсөн ах дүүс нь нэн даруй партизануудын талд хүчээ өгөхөөр шийджээ. Бяцхан охин дайны талбарт шархадсан босогч цэргүүдэд газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлэх чухал үүрэгт хуваарилагдсан байна. Суман дунд хүний амь аврах гэж гүйх тийм ч амаргүй ажил юм. Гэвч тэрээр эрэлхэг бөгөөд нэр төртэйгээр өөрийн үүргээ биелүүлсэн бөгөөд энэ ажил нь мөн түүнийг ирээдүйн үхлийг нь дуудсан аж.
Үхэл хийгээд шийтгэл
1943 оны 2-р сарын нэгэн өдөр тэрээр 150 гаруй хүүхэд болон эмэгтэйчүүдийг аврах томоохон ажиллагаанд оролцож байгаад Германчуудын дайралтад өртжээ. Германчууд урьдаас мэдэж байсан тул тэднийг хүч давуугаар дор нь буулгаж авсан тул хамт байсан бусад партизануудын ихэнх нь амиа алдаж үлдсэн хэд нь зугтаажээ. Гэвч Лепа Рапид өөрт үлдсэн багахан сумаараа эцсээ хүртэл Германчуудыг буудсаар эцэст нь сумгүй болж баригдсан байна. Түүнийг барьсан даруйдаа 3 хоногийн турш Германчууд залхаан цээрлүүлэх ангидаа авчран байцаалт авсан боловч охин юу ч хэлээгүй тул цаашид хэрэггүй гэж үзэн цаазаар авахаар болжээ.
Түүнийг олон нийтийн нүдэн дээр цаазалсан бөгөөд цаазыг гүйцэтгэхээс ганцхан хормын өмнө Германы дэслэгч түүнд хандан “хэрэв удирдагчдынхаа нэрийг хэлбэл амьд үлдээнэ” гэхэд бяцхан охин түүнд хандан “би эх орон болон өөрсдийнхөө хүмүүсээс хэзээ ч урвахгүй, бид сүүлчийн хүнээ үхтэл нацистуудын эсрэг тулалдана” хэмээсэн юм. Ийнхүү хэлээд тэрээр ганц хормын дотор амиа алдсан байдаг. 1951 оны 12-р сарын 20-ны өдөр түүнийг Югослав улсын баатар цолоор нэхэн шагнасан юм.