Эрт цагт Ромчууд Их Британи арлын тал хэсгийг эзлэхдээ Лондон хотыг тосгон байхад нь хамгийн түрүүнд эзэлсэн байдаг. Тэгвэл саяхан Лондон хотноо байрлах эртний Ромын нэгэн сүмээс 2000 жилийн настай нүүрний тос олдсон байна. Судлаачид уг тосыг шинжилж үзээд анагаахын салбарт эсвэл эмэгтэйчүүд арьсаа илүү чийглэг болгох зорилгоор 2000 жилийн өмнө бүтээж байсан тос болохыг тогтоожээ. Үүний найрлага нь амьтны өөх тос, цардуул, цагаан тугалганы пигмент зэрэг агуулагдсан бөгөөд гарцаагүй хүмүүс нүүрэндээ түрхдэг байсныг илтгэж байгаа юм.
Уг тос нь 6 см-ын диаметртэй бөгөөд үйлдвэр болон чанарын өндөр түвшинд бүтээгдсэн болох нь тогтоогджээ. Энэ нь тухайн үед Ромын эзэнт гүрэн шинжлэх ухааны салбарт хэр хөгжсөн байсныг дахин нотолж байгаа юм. Археологичид тосыг нээж үзсэн даруйдаа түүнээс ялгарах аймшигтай үнэрт золтой л мансуурчхаагүй гэдэг. Учир нь аливаа тосонд үйлчилгээ нь хүчинтэй хугацаа гэж байх бөгөөд уг тосны хугацаа нь дуусаад хэдийнээ 2000 жил өнгөрсөн учраас л ийм зүйл тохиолджээ. Уг тос нь тухайн цаг үеийн маш баян эмэгтэйнх эсвэл сүмд байрлах биеэ үнэлэгчийнх байсан байж болох юм. Учир нь Лондон дахь сүмийг Ромын цэргүүд барьсан бөгөөд Ромын төв газрын удирдлагаас алслагдан оршиж байсан тул сүмээс бусад зориулалтаар ч иймэрхүү байгууламжуудыг ашигладаг байв.
Харин тосны эзэн нь Ром эсвэл Саксон үндэстэн хоёрын аль нь болохыг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй юм. Гэвч гоо сайхандаа онцгой анхаардаг нэгэн байсан нь ойлгомжтой болж байгаа юм. Энэ олдвор нь Британи дахь Ромчуудын түүхийг судлах судалгаанд ихээхэн ахиц болсон үйл явдал болжээ. Их Британы арлаас олдож байсан бусад тоснуудаас энэ нь их ялгаатай байсан тул үүнийг гарцаагүй эх газрын Ромд үйлдвэрлэсэн болохыг гэрчилж байна. Харин хурууны хээгээр нь судалж үзэхэд үүнийг 28-30 насны цагаан арьстай, шаргал үстэй эмэгтэй хэрэглэж байсан нь тогтоогджээ.