Ричард Чейз бол өөрийн цаг үедээ жинхэнэ утгаараа бужигнуулж явсан алуурчин байлаа. Хэдийгээр бүх цуврал алуурчдыг бужигнуулж явсан гэж хэлж болох ч хэрэв тэдний хийдэг үйлдлийг энэ үгээр илэрхийлэх юм бол Ричард Чейз хамгийн илүү нь байсан юм. Тэрээр Калифорни мужийн Сакраменто хотод 1970 оны үеэс эхлэн 1980 онд баригдах хүртлээ 6 хүний амь хөнөөсөн байдаг. Бусад алуурчдаас түүний ялгарах хамгийн том онцлог нь өөрийн хохирогчдынхоо цусыг уудаг байсан тул түүнийг “цус сорогч алуурчин” хэмээн дуудах болжээ. Та итгэхгүй байж болох ч цус уудаг явдал нь Сакраментогийн цус сорогчийн хамгийн аймшигтай зуршил байгаагүй юм.
Тэрээр хүүхэд байх үеэсэ эхлэн өөрийн харгис эцэг эхийн гарт хүн чанар нь эвдэгдэн өссөн юм. Бүр жоохон байхаасаа эхлэн амьтдыг амьдаар нь шатаах, тэднийг тамлан зовоох, дээрээс нь шээх зэрэг хүний санаанд багтамгүй үйлдлүүдийг хийсээр иржээ. Эдгээр гурван үйлдлийг сэтгэл судлалын шинжлэх ухаанд Макдоналдын гурвалсан шинж гэх бөгөөд хамгийн анх сэтгэл судлаач Макдоналд 1963 онд уг гурвалсан шинжийг нээж байсан байна. Улмаар идэр насандаа хүрсэн үедээ архи болон хар тамхинд гүн донтож улмаар өөрийн эрүүл ухаанаа алдаж эхэлжээ. Тэрээр өөрөө өөрийгөө оношлох дуртай бөгөөд оношилсон оношилгоондоо итгэдэг нэгэн байсан тул C витамины дутагдалд орсон гэж дүгнэжээ. Мөн үе үе толгойгоо сэгсэрдэг зуршилтай байсан нь тэрээр толгойгоо сэгсрэх үед гавлын ясан дотор байгаа тархи нь хөдөлгөөнд орж юмсыг илүү сайн анзаарах чадвар өгдөг гэж итгэдэг байсан хэрэг. Гэвч 1970 оны нэгэн өдөр гудамжаар явж байгаад цус алдан хэвтэж буй туулайг харсан Ричард Чейз хамгийн анх түүний цусыг уужээ. Тэр цагаас хойш хэсэг хугацааны дараа ээжийнхээ гэрээс явж ганцаараа амьдар болсон байна. Учир нь тэрээр ээж нь түүнийг хордуулж алж магадгүй гэж итгэдэг байсан бөгөөд найзуудтайгаа байр хөлслөн амьдрах болсон тэрээр улам бүр хар тамхинд донтох болсон юм. Түүний уг эрээ цээргүй үйлдлийг найзууд нь тэсэхээ больсон тул хөлсөлж буй байрнаас нь хөөх шийдвэр гаргажээ. Уг явдлаас үүдэн тэрээр улам бүр хэрцгий болж эхэлсэн бөгөөд амьтдыг хайр найргүйгээр хөнөөж махыг нь түүхийгээр нь идэх, цусыг нь цэвэр устай холин уух зэрэг гаж үйлдлүүд нь ихсэх болов.
Хамгийн анхны хүн амины хэргийг 1977 оны 12-р сарын 29-ны өдөр үйлдсэн бөгөөд 51 настай Амбросе Грифин гэх эрийг эхнэрээ үсчин хүргээд буцаж явах замд нь буудан хөнөөжээ. Үүний дараагаар тэрээр айлуудын хаалга татаж үздэг болсон бөгөөд хэрэв хаалга нь түгжээгүй бол үүнийг урилга хэмээн ойлгож гэрт нь орж аймшигт зүйлсээ хийдэг болсон байна. 1978 оны 1-р сарын 23-ны өдөр Тереза Валлим гэх бие давхар бүсгүй гэрийнхээ үүдийг түгжээгүй байхад нь гэрт нь нэвтрэн орж Грифинийг хөнөөсөн буугаараа түүнийг гурван удаа буудан хөнөөсөн юм. Гаж донтой цус сорогч эр түүнийг алсан даруйдаа бэлгийн харьцаанд орж улмаар хутгаар зүсэлт хийн цусыг нь их хэмжээгээр урсгасан байна. Тэрээр тарагны савыг цус хийх аяга болгон ашигладаг байжээ.
Өөр нэгэн аймшигт явдал 1978 оны 1-р сарын 27-ны өдөр буюу бие давхар бүсгүй аллагаас 4 хоногийн дараа болсон юм. Жэйсон Мирот болон түүний ээж Эвэлин Мирот, найз болох Дан Мередит хэмээх гурван хүнийг Эвэлин Миротын гэрт хөнөөсөн байна. Алуурчин орж ирсэн даруйдаа Мередитийг толгойд нь буудан хөнөөгөөд унтлагын өрөө орж 6 настай бяцхан Жэйсоныг 2 удаа толгойд нь буудан хөнөөсөн юм. Түүний хийдэг байсан гаж үйлдлүүдийг цус сорогчийнх гэхээсээ илүү хүний маханд донтсон нэгний үйлдэл гэж хэлбэл илүү тохиромжтой байжээ. Учир нь цогцоснуудаас үргэлж хэд хэдэн эрхтэн нь дутдаг байсан юм. Гэвч тухайн айлд гэмт хэрэг боло үед 4 хүн байсан бөгөөд дөнгөж 22 сартай Дэвид Феррейра хэмээх нялх хүүхэд сураггүй алга болсон байна. Уг явдлаас 1 сарын дараа хүүхдийн цогцсыг сүмийн ойролцоогоос олсон байдаг. Харин аз болж уг явдлыг харсан хэд хэдэн гэрчүүд гарч ирснээр цагдаагийн байгууллагад үнэтэй сэжүүр өгчээ. Мөн Миротийн биенээс алуурчны хурууны хээ илэрсэн нь бүх зүйлийг ойлгомжтой болгосон байна.
Цагдаагийн байгууллага шууд л Чейзийн амьдарч байсан байранд нэгжлэг хийн үзээд түүнийг гарцаагүй алуурчин мөн болохыг нотлох олон баримтуудыг олсон байна. Тэрээр уг явдлын дараа нэг их удалгүй баригдсан юм. Түүний шүүх хурал 1979 оны 1-р сарын 2-ны өдрөөс эхлэн 5 сар үргэлжилсэн бөгөөд шүүхээс түүнд цаазын ял төлөвлөж байсан ч түүний өмгөөлөгч хэрцгий занг нь цаазын ялын үндэслэл болохгүй хэмээн зүтгэсэн байна. 5 сарын турш үргэлжилсэн шүүх хурлын үр дүнд Сакраментогийн цус сорогчийг 6 хүний амь насанд буруутган хорт хийгээр хордуулж алах шийдвэр гаргасан байна. Гэвч 1980 оны зул сарын баярын өдөр түүнийг хорих байрны өрөөндөө их хэмжээний эм хэтрүүлэн ууж амиа хөнөөсөн байдалтайгаар олжээ. Энэ бүх утга учиргүй аллагын түүх эцэстээ ингэж төгссөн юм.