Түүнийг Женин Жонс гэх бөгөөд 66 настай уг эмэгтэй АНУ-ын Техас мужийн засан хүмүүжүүлэх ангид хоригдож байгаа бөгөөд 2018 онд түүний ялын хугацаа дуусан суллагдах гэж байгаа юм. Гэвч прокурорын газраас түүний суллуулахгүй байхын тулд хэргийг нь дахин нээж судалж байгаа аж. Учир нь түүнийг суллаж болохгүй маш том шалтгаан байгаа гэнэ. 1980 оны үед түүнийг эцэг эхээс өгсөн нэрээр нь бус үхлийн сахиусан тэнгэр гэх нэрээр нь хүмүүс илүү мэддэг байлаа. Тэрээр эмнэлэгт сувилагчаар ажиллаж байхдаа 60 орчим нялх хүүхдийг үхэлд хүргэсэн аймшигт нүгэлтэй нэгэн.
1981-1982 оны хооронд АНУ-ын Техас мужийн Сан-Антониагийн эмнэлэгт нярай хүүхдүүд маш олноороо амиа алдах болов. Тус эмнэлэгт 1 жилийн хугацаанд 47 хүүхэд амь эрстсэний 34 нь Женин Жонсын тасагт болсон юм. Бүр гайхалтай нь энэ бүх эндэгдэл яг түүний гардаг ээлж буюу шөнийн 3 цагаас өглөөний 11 цагийн хооронд болсон байна. Гэвч хэн ч сэжиг аваагүй юм. Учир нь хэн сувилагч хүүхдүүдийг хөнөөж байна гэж таамаглах билээ дээ. Эмнэлгийн зүгээс бүхий л зүйлсийг нягтлан шалгасан боловч хүүхдүүд яагаад амиа алдаад байгааг огт тогтоож чадахгүй байлаа. Бүр эмнэлэг дотор ямар нэгэн халдвар тархсан байж магадгүй хэмээн ариутгалыг өдөр бүр хийдэг болов. Гэсэн ч үхэл зогссонгүй. Иймд эмнэлэг эмнэлгийн зарим ажилчдаа халж илүү нарийн мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах болов. Тэдгээр халагдсан хүмүүсийн дунд Женин Жонс явж байсан юм.
Энэ бүхний дараа тэрээр Техас мужийн Керрвиллегийн эмнэлэгт сувилагчаар ажилд орсон байдаг. Гэвч түүнийг ирсэн цагаас хойш Керрвиллегийн эмнэлэгт үхэл салахаа болив. 1982 оны нэгэн өдөр түүн дээр Челси Макленнан гэх нэг ойтой хүүхэд дархлал сайжруулах тариа тариулахаар ирсэн байна. Харин аймшигт сувилагч түүнд булчин сулруулагч энгийн хэмжээнийхээс гурав дахин ихээр тарьж улмаар зүрхийг нь ажиллагаагүй болгон амийг нь хөнөөсөн байдаг. Үүний дараа Роландо Сантос гэх бага насны хүүхэд гадаа тоглож байгаад гэмтэн эцэг эх нь эмнэлэгт хүргэж өгөхөд үхлийн сахиусан тэнгэр их хэмжээний “хепарин” тарин цус алдуулан хөнөөсөн байна.
Уг явдлаас үүдэн цагдаагийн газар түүнд хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулан улмаар энэ эмнэлэгт урьд хожиж гарч байгаагүй хүүхдийн эндэгдлийг бүгдийг нь түүнийг хийсэн болохыг илрүүлсэн байна. Мөн өмнөх эмнэлэгт ч гарч байсан бүх үхлийг түүнтэй холбож нийт 99 жилийн хорих ялаар Техас мужийн шүүх түүнийг шийтгэжээ. Тэрээр комд орсон хүүхдүүдэд үхлийн тарилга хийж тэр чигт нь унтуулдаг байсан бөгөөд ямар шалтгаанаас болж ирсэн яг түүнд нь тохирох үхлийг бэлэглэх буруу тарилгуудыг зориуд хийн хөнөөдөг байв. Харин Техас мужийн хуулиар түүнийг гэм буруугаа сайтар ухамсарласан болон эрс өөрчлөгдсөн хэмээн үзэж 66 насанд нь шоронгоос суллах шийдвэр гарсан байна. Гэвч алуурчин эмэгтэй одоо нарт ертөнцийн амьдралд дасах болов уу даа.